“Сити”, “Тоттенхэм” ээлжит хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-20

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн үлдсэн хоёр тоглолт боллоо. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Манчестер Сити” клуб энэ тойрогт “Хаддерсфилд”-ын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авснаар 56 оноотой боллоо.

Тоглолтын 18 дахь минутад Данило гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Стерлинг 54 дэх минутад нэгийг нэмж, премьер лигт энэ улирлын 10 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 56 дахь минутад Сане нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.

“Тоттенхэм”-ийн хувьд энэ тойрогт “Фүлхэм”-ийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 51 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Тоглолтын 17 дахь минутад Льоренте өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин түүний алдааг Алли 51, Харри Уинкс 90 дэх минутад гоолдож, залруулснаар багтаа ялалт авчирлаа.