ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Үсэргээний үеэр биш, морины ажил хийж байх үедээ унаж нас барсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-23

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хурдан мориноос унаж хүүхэд амиа алдсан хэргийн талаар хөндсөн юм. Тэрбээр “асгийн газраас өвөл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоно гээд заачихсан. Гэтэл яагаад төрийн байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагууд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Салбарын сайд нарт 10 настай хүүхэд амь насаа алдсан явдлын талаар ямар мэдээлэл байна вэ. Бид үүнийг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Хариуцлага тооцсон нэрээр албан тушаалаа өгөөд явдаг. Эсвэл өөр хүнд шилжүүлдэг. Тиймээс энэ асуудлыг чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналтай байна.

Холбогдох албан тушаалтнуудаас яг юу болсныг тодруулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхэд амь насаа алдаж байгаа, эрүүл мэндээрээ хохирч байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хуулийн төсөл оруулж ирэх зайлшгүй шаардлага байна. Тиймээс өнөөдөр юм уу маргаашийн чуулганы хуралдаанд холбогдох хүмүүсийг оролцуулж, тайлбар авах нь зүйтэй гэсэн саналтай байна" гэв. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, 12 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байхыг даалгасан. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг бид аймгийн удирдлагуудаас асуулаа. Үсэргээний үеэр биш, морины ажил хийж байх үедээ унаж бэртэж нас барсан”  гэсэн хариу өглөө.