Алдарт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод түүний нэрэмжит спортын ордонд эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай тамирчдаас нэг тамирчин алт, долоон тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарав. Манай тамирчин маргааш алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь нар хүрлийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Мөн 55 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм. Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаан маргааш болно.