УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тогтоолын төслийг өргөн мэдүүлснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр баталсан. Тиймээс бид өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногийн мягмар гаригт байнгын хороогор хэлэлцэнэ гэж хэллээ.
Нийгмийн шаардлага байгаа учраас бид одоо чуулганы хуралдаан руу орж, яаралтайгаар өнөөдөр хэлэлцэх,УИХ-ын даргын зөвлөл хуралдах горимын саналыг гаргасан. Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулах үйлдэл хийвэл дахин бойкот зарлахаас өөр аргагүй байдал үүснэ” гэсэн юм.