ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотод болж байгаа билээ. Өнөөдөр зарим жингийн медалийн төлөөх барилдаан болсноор тэмцээн дуусна. Өчигдөр орой манай эмэгтэй бөхчүүдийн ихэнх нь медалийн төлөөх барилдаанаа хийж, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд барилдсан Олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг С.Батцэцэг Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм. Ийнхүү С.Батцэцэг хоёр дахь удаагаа “Алтан гран-при”-д түрүүллээ. Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.
Өнгөрсөн долоо хоногт тус хотод болсон Миндиашвилигийн ОУТ-д түрүүлсэн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд “Инчёнь-2014” Азийн наадмын аварга Японы хашир туршлагатай бөх Ватариг 4:3-аар илүүрхснээр долоо хоногийн дотор “давхар цохилт” хийсэн юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. С.Цэрэнчимэд “Бага дэлхийн аварга”-аас манайхны 13 дахь алтан медалийн эх орондоо авчирлаа. Тэрбээр тус тэмцээнээс медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа бөгөөд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.
С.Цэрэнчимэд Красноярскт шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм.