ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод түүний нэрэмжит спорт цогцолборт боллоо. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, Беларусь, БНХАУ, Турк, Герман, Йордан, Румын, Казахстан, Узбекистан, Унгар, Туркменистан, Норвеги гэсэн 17 орны 187 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Красноярскийн дэвжээнд манай улсын 50-иад тамирчин зодоглосноос хоёр алт, хоёр мөнгө, 11 хүрэл, нийт 15 медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хоёр, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд анх удаа түрүүлж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд Монголын бөхчүүдээс Красноярскийн 13, 14 дэх алтан медалийг эх орондоо авчирсан юм. Эрэгтэйчүүдийн 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 68 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан мөнгөн медаль хүртсэн юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, 70 кг-д Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин спортын мастер Э.Бямбадорж, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайхан нар хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д спортын мастер “Женко” клубийн тамирчин спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д “Алтай” констракшн, Төмөр замын Цагдаагийн газрын тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медаль хүртсэн юм.