ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-28

Чуулган үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ж.Эрдэнэбат: МАН Монгол төрийн дахлааг сайжруулна, төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх асуудал ажлын байртайгаа л холбоотой байдаг. Гэтэл эрх мэдэлтнүүд ажлын байр бие болгогч руу, баялаг бүтээгчид рүүгээ дайрч байна. ЖДҮХС-гаас албан тушаалтнууд хулгай хийх нөхцөл бүрэлдүүлэх шийдвэр гаргасандаа ард түмнээс уучлалт гуйж байна. Би баялаг бүтээгчдэд гурван хувийн хүүтэй зээлээ авдаг байг гэж бодож ийм шийдвэр гаргасан. Гэтэл эрх мэдэлтнүүд түүнээс хулгай хийчихлээ. Тийм учраас би ард түмнээсээ уучлалт гуйж байна.

Ц.Мөнхоргил: Монголын улс төрчдөд алдаа дутагдлаа бүгдийг нь нэг хүн тохдог муу зуршил байна. Ю.Цэдэнбал даргыг яг л ийм замаар холдуулсан. М.Энхболдод алдаа дутагдал мэдээж байгаа. Гэхдээ энэ хүнийг огцруулснаар бүх зүйл сайхан болно гэж байхгүй. Энэ асуудлын дуулианд маш олон асуудлууд бүдгэрлээ. Үнэхээр МАНАН хулгай дээрэм хийгээд байгаа бол тэмцэх нь зөв. УИХ-ын даргын УИХ-д эзлэх байр суурийн асуудал байна. Зарим нь зүгээр нэвтрүүлэгч гэж байна. Зарим газар УИХ-ын дарга нь намаасаа түдгэлзэж, зөвхөн хурлаа удирдах үүрэг хүлээдэг. М.Энхболд даргыг огцорсны дараа энэ хуулиа дахин нэг эргэж хармаар юм.

Л.Оюун-эрдэнэ: 1990 онд хүмүүнлэг нийгмийн байгуулна гэсэн ч энэ нь өнөөдөр байхгзүй учраас иргэд бухимдаад байгаа юм. М.Энхболд гэдэг хүн огцорсноор сайхан болно гэсэн юм яриад байгаа юм биш. Маш хүчтэй иргэний нийгмийн хяналттай болж байна. Нүд цавчихгүй хардаг иргэний нийгэмтэй болсон байна. Бусад улс орон 48 цагийн дотор шийдэх ёстой. Гэтэл бид хэдэн улирал дамжлаа. Бид нийгэмд байгаа хүлээлтэд хариу үйлдэл өгөх хэрэгтэй байна. Өрөөндөө уулзхаараа тйим шүү, арай дэмжиж байна гэсэн мөртлөө чуулганы танхимд орж ирээд мэдэн будилдагаа боль.

Д.Хаянхярваа: Гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Төрийн сайн бодлого гэдэг биднийг хэр ёс суртахуунтай байна вэ гэдгээр тодорхойлогдож байдаг. Гэтэл бид Монголын төрийг зөв бодлоготой авч явж чадаж байгаа билүү. Тэгэхлээр хувь хүний хүмүүжил, ёс зүйдээ анхаараха ёстой. Үе дамжсан хаадууд ч явдаг гэдэг үг байдаг. Бид явна. Ард түмэн л үлдэнэ. Бид ард түмнийхээ итгэлийг алдсан. Төрийн хүний зүрх нь тархиндаа цохилж байх ёстой гэдэг. Гэтэл бидний зүрх хэтэвчиндээ л цохилоод байх шиг. Гишүүн бүр үүнийг бодоосон. Монголд сонгуулийн улс төрчид олширчихлоо. Төрийн зүтгэлтэн гэж байхгүй болчихлдоо. Ялагчдыг шүүдэггүй. Гэхдээ улс төр бол боломжоор тоглох урлаг гэдгийг бид өнөөдөр бодитоор үзүүлж байна. Ард түмний дууны үг ямар болсон бэ. Бидний дуутай ард түмэн хөг нийлүүлэхгүй бол байрнаасаа хөдлөхгүй.

Ингээд гишүүд үг хэлж, дууссаны дараа санал хураалтыг цахимаар явуулах горимын санал гаргалаа. Харин О.Баасанхүү гишүүн санал хураалтыг ил тодоор явуулах ёстой гэсэн саналыг гаргав. Ингээд санал хураалтыг цахимаар, нууцаар явуулж, санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 43 гишүүн чөлөөлөхийг дэмжсэнээр УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.