Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб “Ньюкасл”-ын талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр тэргүүлэгч “Ливерпүүл”-ээс 7 оноогоор хоцрох магадлалтай боллоо.
Өнөө шөнө “Ливерпүүл” талбайдаа “Лестер”-тэй тулна. Хожвол “Сити”-гээс тасрах онооны зөрүү нь 7 болж, түрүүлэх магадлал нь улам нэмэгдэх юм. Харин эсрэгээрээ “Сити”-гийн түрүүлэх боломж тэр хэрээрээ багасна. Энэхүү тоглолтын 1 дэх минутад Агуэро улирлын 11 дэх гоолоо оруулж, “Сити” тэргүүлж эхэлсэн. Гэвч Рондон 66, Ритчи 80 дахь минутад гоодож, “Ньюкасл” хожсоноор доош унах бүсээс холдож, 14 дүгээр байр руу орж ирлээ.
Тэгвэл шинэ дасгалжуулагчтай болсноосоо хойш хожигдол гээчийг амсаагүй яваа “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт талбайдаа “Бөрнли”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 45 оноотой болж, “Арсенал”-аас хоёр оноогоор хоцорч эхэллээ. Мөн 6 дугаар байрнаасаа ховхорч чадсангүй.
Тоглолтын 51 дэх минутад Барнс гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Крис Вуд 81 дэх минутад нэгийг нэмж, “Бөрнли” тэргүүллээ баталгаажуулсан юм. Гэвч “Улаан чөтгөрүүд” бууж өгөлгүй, 87 дахь минутад Погба торгуулийн цохилтоос гоолдож, багтаа найдвар авчирсан. Улмаар Линделоф 90 дэх минутад гоол оруулснаар багтаа нэг оноо авчирлаа.
Бусад тоглолтын үр дүн
Арсенал 2-1 Кардифф
Хаддерсфилд 0-1 Эвертон
Фүлхэм 4-2 Брайтон
Вулверхэмптон 3-0 Вест Хэм