Найман настайгаасаа нүүрс түүж, 10 настайдаа "Нарантуул" зах дээр тэрэг түрж, одоо ч зах дээрээ “Пүрэвийн мухлаг” ажиллуулж яваа О.Пүрэв гэх залууг монголчууд андахгүй. Аав, ээж нь салснаас хойш өөрийнхөө бор зүрхээр амьдралаа залгуулж, хажуугаар нь чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан тэрбээр 2007 оноос эхлэн холимог тулааны спортоор хичээллэж эхэлсэн билээ.
Улмаар ОУХэмжээний мастер, Холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн шавь болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт “MFC” олон улсын тэмцээнд Казахстаны холимог тулааны тамирчин, “MMА”-ийн дэлхийн аварга Габдуллин Алишертай О.Пүрэв тулалдаж, хоёрдугаар үе дуусахаас өмнөх таван секундэд боох мэхээр цэвэр ялалт байгуулсан юм.
Өөрийн хичээл зүтгэлээр амжилтад хүрч яваа залуу тамирчныг "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд хүлээн авч уулзан, түүнийг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Мөн тулааныг нь урамшуулж, таван сая төгрөгөөр шагнасан байна. Энэ мэдээллийг О.Пүрэв өөрийн нүүр номдоо хуваалцав.
Тэрбээр, “Маш сайхан өдөр байна аа. “Алтан Дорнод Монгол”, “Корпорейт хотел” ХХК-ийн хамт олон, захирал Т.Ганболд ах дэмжин ажиллахаар боллоо. Мөн таван сая төгрөгөөр ялалтыг минь мялааж, Дэлхийн аварга болоорой гэж захиж сайхан ерөөлөөр ерөөлөө. Анхны дэмжигч том байгууллагадаа болон Монгол ахан дүүсдээ маш их маш их баярлаж явдагшүү. Цаашдаа улам илүү хичээж дэлхийн аварга болохын тулд шаргуу хөдөлмөрлөнө өө. Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа” хэмээв.