ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Татварын багц хуулиа баталчихвал НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх боломжтой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-30

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цөөнгүй асуудлыг шийдсэн билээ.  Хурлын дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-НӨАТ-ын буцаан олгол­тыг хэзээнээс иргэдэд өгч эхлэх вэ?

-НӨАТ-ын буцаан олголт гэж нийтдээ 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийг өгнө. Маргааш өглөөнөөс /өнөөдөр/ эхлэн энэ мөнгийг олгоно. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд олгосон буцаан олголтоор 630-аад мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгийг өгч байсан. Тэгвэл энэ жил буцаан олголтын хэмжээ 60-аад хувиар нэмэгдсэн. Хамрагдалт 40-өөд хувиар бас нэмэгдсэн байгаа. Үүнийг бид юутай холбож үзэж байгаа вэ гэхээр, НӨАТ-ын баримтыг авч байгаа хүмүүсийн хамрагдалт багагүй нэмэгдсэн. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж, эдийн засгийн идэвхжил явагдсантай холбоотой. НӨАТ-ын буцаан олголтыг пүрэв, баасан гарагт багтаагаад иргэдэд олгоно.

-Та өмнө нь мэдээлэл хийж байхдаа ТЕГ-ын дарга банкуудтай хамтарч ажиллаж, хууль зөрчсөн гэж хэлсэн. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө барьцаалаад, банкнаас зээл авахад ямар ч иргэн хохирохгүй. Төрд, банкинд ч хохирол байхгүй. Тийм байхад ямар хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ?

-Хууль зөрчигдсөн. НӨАТ-ын тухай хуулиар та бүхний худалдан авалтаар бүртгэгдсэн, И-Баримтаар цугларсан мэдээллийг зөвхөн татварын алба болон статистикийн байгууллага хоёр л ашиглах ёстой. Статистикийн байгууллага хэрэглэгчдийн мэдээллийг гаргахгүйгээр аль бүсэд ямар бүтээгдэхүүн илүү борлогдсон талаар ерөнхий мэдээлэл өгч болно. Гэтэл банкинд энэ мэдээллийг өгнө гэдэг НӨАТ-ын тухай хууль бүрэн агуулгаараа зөрчигдөж байна гэсэн үг. Хувь хүний мэдээлэл арилжааны банкуудад очсон нь байж болохгүй зүйл. НӨАТ-ыг хэрэгжүүлэх гол амин сүнс нь зөрчигдөж байгаа юм. Төр ард иргэдийнхээ мэдээллийг цуглуулчихаад, цөөн тооны аж ахуйн нэгж, банкуудад дамжуулж, давуу байдал үүсгэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. 

-Энэ шалтгаанаар ТЕГ-ын даргыг солих гэж байгаа юм уу. Та саналаа удаа дараа Засгийн газарт өгсөн гэсэн мэдээлэл байсан?

-Өнөөдөр /өчигдөр/ ТЕГ-ын даргыг чөлөөлсөн шийдвэрийг Засгийн газар гаргасан.  

-Банкуудтай нь ямар хариуц­лага тооцох юм. Үнэхээр нууц байх ёстой мэдээллийг өгсөн юм бол банкууд нь ч бас хариуцлага хүлээх ёстой биз дээ?

-Сангийн яаманд энэ асуудлаар хэд хэдэн удаа хандсан. Харин манай яамны зүгээс НӨАТ-ын тухай хуулийг үндэслээд ийм ажил хийж болохгүй гэсэн чиглэлийг өгсөн байсан. Харамсалтай нь ТЕГ арилжааны нэр бүхий хоёр банктай хамтарч ажиллах гэрээ байгуулсан байсныг зогсоосон. 

-ТЕГ удирдлагагүй болж байгаа юм байна. Шинэ даргыг нь хэзээ томилох юм бол. Хэнийг томилох нь тодорхой болсон уу?

-Төрийн албаны шинэ хуулиараа сонгон шалгаруулалтаа хийнэ. Тэр болтол түр орлон гүйцэтгэгчийг дотроос томилно. Цаг алдахгүй томилгоо хийнэ.  Үйл ажиллагаа нь доголдохгүй.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмээч. Сугалаа гэдэг хүртээмжтэй биш байна гэдэг саналыг ард иргэд гаргаж байгаа. Энэ асуудлыг шийдэх боломж байна уу?

-Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ энэ талаар бид ярилцсан.  НӨАТ-ын баримтын дугаараар сугалааны зарчмаар урамшуулал олгодог системийг Тайванийн туршлагаас авсан. Түүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлыг ярина гэвэл хуульдаа тусгаж өгөх шаардлагатай. Татварын багц хуулийг 2018 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Есөн сар өнгөрчихөөд байхад хэлэлцүүлэхгүй байна. Тэр хуульд буцаан олголтыг улирал болгон олгож байхаар тусгаж өгсөн. Шинэ хууль гарснаас татварын системийг шинэчлэх ажлыг бид хийх юм. Хэрвээ хуулиа өөрчилчихвөл буцаан олголтын хувь хэмжээг нэмэх боломжтой. Гэхдээ эхлээд бид татварын бааз сууриа нэмэх, НӨАТ-аа жигдрүүлэх шаардлагатай. Тийм болохоор одоохондоо буцаан олголт хоёр хувь хэвээрээ байна.