УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймагт Хамрын хийдийн орчмын газарт ашиг малтмал олборлох зөвшөөрөл өгчихсөн. Нэг хэсэг шуугиад өнгөрсөн. Тэр юу болов. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаа цэгцлэхгүй бол орон нутгийн дарга нар баахан лиценз өгчихдөг. Тэр зөвшөөрлийг нь аль 2009 онд өгсөн юм билээ. Түүнээс хойш бага багаар ахиулсаар яваад ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихсан. Гэтэл Хамрын хийдэд жилдээ 150 орчим мянган жуулчин очдог аялал жуулчлалын бүс. Дээрээс нь Догшин хутагтын шавилж байсан хийд байдаг түүхэн дурсгалт газар. Бас Хутаг уул гэдэг газарт зөвшөөрөл өгчихсөн. Мөн Хөвсгөл сумын Сүлдэн хөх овоо гэдэг газар зөвшөөрөл өгсөн. Нутгийн иргэд саналаа хэлж, санаа зовоод байна. Аргалын уулыг аймгийн тусгай хэрэгцээнд авснаас хойш орон нутаг 3.8 тэрбум төгрөгийн оронд орчихоод байна. Энэ асуудлаа хурдан шийдээч ээ. Тухайлбал, Хамрын хийдийн асуудал чинь гурван шатны шүүхээр явчихсан байна.
Ажлын хэсэг: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах хэдэн заалт бий. Тухайлбал, нөхөн сэргээлтээ хийгээгүй байх ч гэдэг юм уу. Тэр хууль, журмынх нь дагуу шийдвэрлэх л боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Засгийн 17 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирж байгаа юм байна. Зарчмын хувьд дэмжиж байна. Байнгын хорооны хурлын үеэр Б.Тогтохсүрэн гишүүн маш чухал асуулт асууж. Тусгай хамгаалалтад авах нь зөв ч тэр орчимд ажиллаж, амьдарч байгаа иргэд наад зах нь түлээний модоо бэлтгэх боломжгүй болдог. Үүнийг яаж зохицуулах вэ гэж асууж. Би давтаж асуумаар байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Орон нутгийн удирдлагууд өөрсдийнхөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хуралдаад, саналаа өгсөн. Сүүлийн жилүүдэд иргэд газраа ашиглаж чадахгүй байна. Ядаж л чоно нь ихэсчихсэн, устгаж чадахгүй байна гэдэг. Бид энэ талаар судлахаар БОАЖЯ-наас ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Улаанбаатар хотын дундуур урсч байгаа голуудаа хамгаалах чиглэлээр БОАЖЯ юу хийж байна. Сэлбэ гэж ямар сайхан гол байлаа. Одоо бааст гол л болсон. Голын эхийг хамгаалах боломжтой нөхөрлэлүүдийн ажлыг хориглосон. БОАЖЯ Үндсэн хууль зөрчсөн тогтоолыг хамгаалдаг. Голын эхэнд мод тарих гэхээр хориглодог. Яагаад байгалиа хамгаалъя гэдэг олон нийтийн санаачилгыг дэмждэггүй юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Сэлбэ голыг хамгаалах ерөнхий зураг төслийг хийчихсэн. Төсөв мөнгө нь хүлээгдээд байна. Бид С.Батболд даргатай уулзаад, ажлаа эхэлсэн байсан. Шинэ дарга хамтарч ажиллах байх. Ойжуулах нөхөрлүүдтэй хамтарч ажиллах боломжгүй гэдэг дээр хувь хүмүүс хамгаалж байгаа нэрийдлээр хашаад, авчихдаг тохиолдол бий гэж мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа юм. Тийм болохоор хамтарч ажиллах боломжгүй байна.