ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр: Зэвсэгт хүчний удирдлагыг яаралтай томилж өгөөч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр нэг хуйвалдаан явагдаад байна. Чуулганы цагаас бүтэн нэг цагийг Д.Лүндээжанцан дарга хумсаллаа. Өнөөдөр 10.00 цагаас чуулгантай бол тэр цагт л хуралдуулах ёстой. Энд Их хурлын даргаа томилоод ажилдаа орох асуудлыг гацаагаад байгаа юм. Г.Занданшатар та энэ байдлыг болиулаарай. Байнгын хороо хуралдах ёстой өдрөө л хуралд. Үндсэн хууль зөрчинө шүү. Хагас жилдээ Их хурал 50-аас доошгүй хоног чуулах ёстой. Гэтэл сая гацсан хугацааг тооцож оруулаад чуулган хаах гэж байна. Маш олон асуудал тулгамдсан байгаа. Та нарын дотор бололцоотой өрсөлдөгч нар олон байсан. Хэн ямар түүхтэй гэдэг нь надад сонирхолтой биш. Юу хийх юм. Үүнийг чинь ард түмэн хэлсэн шүү. Доромжлуулж байсаар байгаад тэмцлээ. Таныг нэг зүйлээр үнэлсэн. Салхит, Асгатын орд зэрэгт ямар ч байсан та бүхэн алхам хийсэн. 1072 хувьцаа бичүүлчихээд олон жил доромжлууллаа. Үүнд шийдвэр гаргасныг чинь дэмжиж байгаа. 1072 хувьцааны ашиг өгнө гэхээр би авахгүй, тэр мөнгөөрөө дэд бүтцээ шийд ч гэх шиг. Ямар ухаантай санаанууд гарна вэ. Тэгвэл бүгд хувьцаанаасаа татгалз.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Олонхийн бүлэг өчигдөр орой хуралдаж УИХ-ын даргыг яаралтай томилох ёстой гэж үзсэн. Тиймээс байнгын хороог яаралтай хуралдуулсан.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Монгол Улсын газар хэвлий, ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д заасан байдаг. Үүнийг хийх гэж би хичээж байгаа. Уул уурхай ил тод байх ёстой. Уул уурхайн салбар ил тод бус, хуулийн засаглал, чөлөөт өрсөлдөөн дунд хэрэгжихгүй байгаа учраас энэ салбарт хулгай нүүрлэсэн. Хууль ёсоор хэрэгжиж байгааг нь дэмжинэ. Харин хууль зөрчиж байгаа аливаа үйл ажиллагаа, нэн ялангуяа уул уурхайн салбарт нүүрлэсэн хулгайн эсрэг Их хурал, Засгийн газартайгаа хамт дэмжинэ. Төрийн оролцоотой, иргэдийн хяналт дор явуулж байж баялгийн хуваарилалт шударга болно гэж боддог.

УИХ-ын гишүүн Л.Болд: Эхний асуултдаа хариулт авмаар байна.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Бүтцийн байгууллагын саналыг үндэслэж, дэгээрээ 14 хоног сунгаж хуралдах боломжтой. Мөн ээлжит бус чуулган зарлах боломжтой. Хувийн хэвшлийн шаардаж байгаа татварын хууль зэрэг олон асуудал бий. Ээлжит бус чуулган зарлах шаардлага бол бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэг зүйлийг онцгой анхааруулъя. Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн мэргэжлийн удирдлагагүй хугацаа алдаж байна. Энд хугацаанд алдах эрх байхгүй. Чөлөөлөөд шууд томилдог. Сар шинээс өмнө энэ байгууллагын удирдлагыг томилж өгөхийг хүсэж байна. Мөн зэвсэгт хүчинд иргэний хяналт тавьдаг гол ажил хийгдэхгүй байгааг Ерөнхий сайдад анхааруулъя. Цэрэг амиа алдлаа, хилээр буутай орголоо. Энэ мэтээр сахилга хариуцлага алдагдаж байгааг хэлье.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Маш хариуцлагатай өдөр байна. Төрийн дээд байгууллагын удирдлагыг өөрчлөх олон нийтийн эсэргүүцэл хөдөлгөөн өрнөсөн. Дараагийн даргыг томилох асуудлыг бид хэлэлцэж байна. Маш хариуцлагатай хандах ёстой. Ямар их итгэл тээж очиж буйгаа ухамсарлах ёстой шүү. Ганц Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд хангалтгүй. Тиймээс эдийн засгийн реформын шинэчлэл маш чухал шүү. Үүнийг хэрхэн хийх вэ. Мөн хуулийн байгууллагад реформ хийж, улс төрийн зорилготой ажилладаг байдлыг болиулах талаар яаж ажиллах вэ. Мөн намтраа анхаарна биз.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагад ажиллахдаа би зарчмаа л барьж ажилласан. Намтраа худлаа бичсэн зүйл байхгүй ээ. Эрдэм шинжилгээний олон судалгаа хийж явлаа. Магистрын цолыг үгүйсгэхгүй, нууж дарахгүй ээ.