УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууслаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Улстөрчдийн наад захын ёсзүй байх ёстой хэмжээнээс давчихсан. Ийм цаг үед та дарга болох гэж байна. Би таныг чадна гэж бодож байна. Албан тушаалд байгаа хүн сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа асуудалд хандаж болохгүй. М.Энхболд дарга ажлаа сайн хийсэн. 65 гишүүнтэй үнэмлэхүй олонхи болгож, Засгийн газрын эрхийг барьсан. Энэ буухиаг үргэлжлүүлээрэй. Бие биеэ хардсан, сэрдсэн асуудалд цэг тавиасай гэж хүсэж байна. Аливаа асуудлыг хэлбэр хөөцөлдсөн байдлаар биш агуулга руу нь хандсан дүгнэлт хийж байж улс эх орны эрх ашгийг бодсон шийдвэр гаргаасай. Эвийн цавуугаар нааж, төр засаг тогтвортой, тодорхой асуудлыг шийдсэн байдлаар яваасай гэж бодож байна. Улс төрөө бид зөв дүгнэж чадахгүй болсон. Хэтэрхий попорсон. Ардчилсан нийгмийн үнэт зүйлээсээ ухарсан зүйл ярьдаг болсон. Үүнийг эцэслээрэй.
УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд цагтаа оролцдог, идэвхтэй ажилладаг, цагаа барьж ажилладаг болгохын төлөө ажиллана. Та бүхэн ч бас ард түмний хүсэлт гэдгийг ойлгож анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүн ярихаа ойрын үед дуусгая. Их хурлын даргаа томилсны дараа ЗГХЭГ-ын даргыг ярина. Сонгогдсон цагаас хойш бид хүн ярилаа. Би ажлаа хийсэн шүү. Хуралдаа орж ирээгүй хэсэг хүнээс болоод ажлаа хийсэн бид хохирох ёсгүй. Гэртээ очоод амраад хэвтэхгүй. Чуулган завсарласан хугацаанд тойргийнхоо иргэдтэй уулзмаар байна. ШХАБ-д ямар байр суурьтай байх вэ. Чуулган үргэлжлүүлнэ гэсэн үндэслэлээ тайлбарлана уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж байна. 23 гишүүндээ яаж хандах вэ. Гэр оронд нь тагнаж чагнасан гээд байна. Энэ талаар маш тодорхой тайлбар өгөх бололцоо байна уу. Буруутай этгээдийг олох талаар хууль хяналтын байгууллагын удирдлагыг дуудаж асууя.
УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Чуулганыг сунгах эсэх асуудал нь УИХ-ын бүтцийн байгууллагын саналаар шийднэ. Их хурлын дарга бүгдийг мэдээд шийддэг юм биш. Хүний эрхийг хангахын тулд Гүйцэтгэх засаглал, Их хурал, хууль шүүх нь тусдаа ажилладаг. Их хурлын даргын үүргээ л биелүүлж ажиллана. ШХАБ-д элсэх асуудлыг судалж үзнэ. Нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг эрмэлзэх ёстой байх.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Г.Занданшатар хүнийхээ хувьд их зөөлөн хүн. Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэж эргэлзээд байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярилаа. Үндсэн хуулийг боловсронгуй болгохдоо ардчиллыг төгөлдөршүүлэх чиглэлд нэг командаар ажиллаж байгаа гэж бодож байна. Энэ чинь өөрчлөгдөх юм биш биз. Коммунизм, нэг хүний дарангуйлал, бүр нийгэмчлэх зүйл рүү давхиж орох юм биш биз. Баялгийг ард түмний өмчид шилжүүлэх талаар хүн бүхэн ярилаа. Гоё сонсогдож байна. Би ч гэсэн өгчихмөөр байна. Гэхдээ нэг хүнээс хураагаад нөгөө рүү нь шидэх чинь өмчийг нь өгч байгаа хэлбэр биш шүү. Ерөнхийлөгчийн боловсруулж байгаа хуулийг нэн яаралтай Их хурал руу оруулж ирж хэлэлцмээр байна. Би ард түмэн баялгийн өмч байх ёстой гэдэгт санал нэгддэг. Гэхдээ талцуулж арай болохгүй байх аа. Нэгнийх нь өмчийг хурааж нөгөөд нь өгч болохгүй байх. Сонгуулийн хууль батлагдах уу, Намуудын хуулийг нэн тэргүүнд оруулж ирэх үү.
УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Өөрийн бас өрөөлийн үгээр ч ажиллахгүй. Зөвхөн ард түмний байр суурийг сонсож, энэ хүрээнд ажиллана. Хуулийн хэрэгжилт алдагдсан учраас хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргасан. Стратегийн ордын 10 хувийг ард түмэндээ эзэмшүүлнэ гэж заасан. Ширээн доогуур лицензийн наймаа ихэссэн учраас хөрөнгө оруулагч нар үргэж байна. Тиймээс ил тод байдлыг бий болгоно. Төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газрууд төрийн эзэмшилд байх ёстой. Асгат, Салхит хоёулаа төрийн өмчөөр хайгуул хийсэн ордууд. Татвар хураамжаа төлөхгүй бол хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах заалттай. Хууль хэрэгждэггүй байдал даамжирсан учраас л үүнийг л өөрчлөх гэж зүтгэж байна. Энэ бол баялгийн тэгш хуваарилалт гэж боддог. Нийт иргэдийн 30 хувь нь ядуу байна. Баялагтаа ард түмэн эзэн байна гэдэг татвараа авдаг, сан байгуулж ашгаа авдаг хэлбэр юм.