ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийн төлөө ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын даргаар томилогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар тамгаа гардаж авлаа. Тамгаа гардаж авсны дараа иргэд, олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр, “Итгэл хүлээлгэж УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн МАН, МАН-ын бүлэг, сонгож батламжилсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье.

Энэ бол өндөр үүрэг, хариуцдлага юм. Бидэнд итгэл хүлээлгэж сонгосон монголын ард иргэд, эрхэм хүндэт сонгогчид оо. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эхэлдэг. Ард түмэн эрх мэдлээ, сонгосон гишүүд төлөөлөгчдөөр дамжуулж эдлэхээр суурь зарчимд тусгасан. Эрхэм гишүүд та бид, ард түмний хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэх элч төлөөлөгч нь байх ёстой юм. Та бид нийгмийн, ард түмний хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага гэдэг нь ард түмний хүсэлтэд хариу өгөх чадвар юм.

Дараах гурван асуудалд онцгой анхаарч ажиллана. Иргэд сонгогчид шударга ёсыг хүсч байна. Энэ бол нийгмийн бодит хэрэгцээ болсныг бид анхаарч харж байна. Төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, эрхэлсэн ажилдаа үнэнч байхыг хүсэж байна. Энэ бүхнийг би болгож байж, төрд итгэх ард түмний итгэл эргэж ирнэ. Хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон төрийг бий болгоно.

УИХ-ын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийн төлөө ажиллана. Хууль журам эрх мэдэлтэнд хатуу, эгэл иргэдэд зөөлөн байх ёстой гэж үздэг. Шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвуулахгүй ажиллах ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө Их хурал дээр ажлын хэсэг байгуулж, Засгийн газартай нягт хамтран ажиллана. Талцал хуваагдлыг бус хийж бүтээхийг эрмэлзэх ёстой. Эв нэгдэл бидэнд юу юунаас чухал байна. Баялгийн шударга бус хуваарилалтыг цэгцэлж, чинээлэг дундаж давхаргыг дэмжиж, орлогын ялгааг арилгах ёстой юм. Төр түвшин, түмэн олон амгалан байг” хэмээгээд УИХ-ын чуулганы индэрт суудалдаа суув. Улмаар, үдийн цайны цаг өнгөрч байгаа учраас чуулганыг түр завсарлуулж буйгаа мэдэгдлээ.