Рамос “Реал”-ын төлөө 600 тоглолт хийсэн долоо дахь хөлбөмбөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-13

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд Голландын “Аякс” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан билээ. Энэ тоглолтод “Реал”-ын ахлагч, төвийн хамгаалагч Сержио Рамос оролцсон.

Энэ жил 32 настай Испани хамгаалагч ийнхүү “Реал Мадрид”-ын төлөө 600 дахь тоглолтоо хийлээ. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр долдугаар байрт бичигдэж байна. Фернандо Йерро болон Франсиско Хенто нар 601 тоглолт хийсэн үзүүлэлтээр түүний дээр бичигдэж байгаа юм. 

Ердөө л хоёр тоглолтын дараа тэрбээр хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчдын жагсаалтын тавдугаар байр руу орж ирэх нь. Тэгвэл энэ жагсаалтыг Раул 741 тоглолтод оролцсон амжилтаар тэргүүлж, Икер Касильяс 725 тоглолтод оролцсон амжилтаар удаалж байна. Харин гуравдугаарт 710 тоглолтод оролцсон Мануэль Санчес ордог бол Сантильяна 645 тоглолтоор дөрөвт жагсч байгаа юм.

Мөн Рамос 2005 оноос хойш “Реал”-ын хамтаар 20 цом хүртээд байна. Энэ үзүүлэлтийг 23 цом хүртсэн Хенто тэргүүлдэг ажээ.