Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хар өдрүүд үргэлжилж байна. Учир нь дахиад 50, магадгүй 100 жилдээ төрөхгүй ч байж магадгүй дэлхийн шилдэг тамирчин П.Орхон барилдах эрхээ дөрвөн жилээр хасууллаа.
Дэлхийн бөхийн холбоо хатуу шийтгэл оноож, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасчихлаа. 2019, 2021, 2022 оны дэлхийн аварга, 2020 оны Токиогийн олимпын наадамд зодоглож чадахгүй д хүрэв. Өнгөрсөн жил Будапештийн дэлхийн аваргыг өнжсөнтэйгөө нийлээд таван чухал тэмцээнд оролцож чадахгүй нь. Юутай хайран. Монголчууд дотроо хагаралдан тэмцэлдэж, яс булаалдсан ноход шиг уралцахаараа дандаа л том хохирол амсаж ирсэн. Чөлөөт бөхийн холбооны хэрүүлийн бузар спортын түүхэнд гарч ирсэн энэ цаг үеийн дэлхийн шилдэг тамирчныг хорлочихлоо.
Хорлочихлоо гэж хардахаас ч өөр аргагүй. П.Орхон сэргээш хэрэглэх тамирчин мөн үү. Тийм шаардлага байсан уу гэж мянган удаа давтаж асуугаад ч хариулт нь үгүй гэж гараад байна. Алдарт Каори Ичог оноогоор цэвэр ялж гайхуулж явсан, дэлхийг шагшуулсан. Японы домогт аваргын “эрүүг мулталж” чадсан. Оролцсон бүх тэмцээндээ түрүүлж байсан. Дэлхийн аварга болсон тамирчин Азийн наадамд түрүүлэхийн тулд сэргээш хэрэглэх үү.
Ганцхан сарын дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байхад. Жил гаруйхан хугацааны дараа өөрийнх нь хамгийн том зорилго болсон Токиогийн олимпын наадам болох гэж байхад Азийн наадамд аваргалах гэж сэргээш хэрэглэх үү. Өдий олон жил барилдсан хүн сэргээш мэдэхгүй хэрэглэнэ гэж байх уу. Энэ бүх асуултад хариулах албан тушаалтан, Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлага байна уу. Толгой нь эргэж, тэнэг болчихоогүй л бол дэлхийд жиндээ ноёлж байгаа замналаа өөрийнхөө гараар сүйдэлнэ гэж байхгүй.
Энд яах аргагүй но бий. Хэн түүнийг хар хурдаараа амжилтын оргил руу гүйж байхад замд нь “гадилны хальс” тавив гэдэг асуулт одоо ч байна. Эцсийн эцэст Монголын чөлөөт бөхийн холбоо, удирдлагууд, Азийн наадамд оролцоход хамт явсан албаны хүмүүс, цаашлаад эмч нараас бурууг хайх ёстой. Монголын чөлөөт бөхийн түүхэнд олимпын наадмын анхны алтан медалийг авах хамгийн өндөр магадлалтай тамирчнаа холбоо зөөлхөн хүрэхэд хагарчих бөмбөлөг мэт хамгаалж, хаацайлах хэрэгтэй байлаа.
Дэлхийн аварга хаяанд ирчихсэн байхад Азийн наадмыг өнжөөх шийдвэр гаргачихгүй яав даа гэж халаглаж сууна. Хэрвээ тэгсэн бол...Олимпын наадам хаяанд ирж байхад шилдэг тамирчнаа элдэв нөлөөнөөс хамгаалах дархлаа Чөлөөт бөхийн холбоонд байсангүй. Тэд хоорондоо хэрэлдэж, хэмлэлдэж, тамирчнаа өмөөрсөн дасгалжуулагч нараа эрхийг нь хасч, худлаа бөхөлзөхөөс өөр юу хийж гийгүүллээ.
Өнөөдрийг хүртэл эв зүйгээ олоогүй, элдэв муу муухайгаа уудалцсаар л байгаа. Шилдэг гэсэн дасгалжуулагчдаа гадаад руу эхнээс нь алдаж байна. Энэ бүхний үр дүнд чөлөөтийн тамирчдын амжилт л буурна, өөр сайн юм байхгүй.
Гэтэл өнөөдөр Чөлөөт бөхийн холбооныхон бүхнийг өөрсдийнхөө зөв гэж биеэ өмөөрч, П.Орхон асуудлыг ч бараг л тоосонгүй. Хэн ч хариуцлага хүлээе гэж дуугарсангүй. Тамирчдынхаа хөлс хөдөлмөрийг, хэчнээн их зүтгэж, тэмцэж байж амжилтад хүрдгийг мэддэг дасгалжуулагч, багш нар нь нүдэндээ нулимстай аргаа барж сууна.
Зарим нь асуудлыг ярина, сөхнө гэдгээ ч мэдэгджээ. Холбоонд асуудал байгааг цухуйлгасан байна билээ. Азийн наадмын дараахан П.Орхон өөрийг нь хорлосон байж магадгүй талаар цухас дурдаж байсан. Мөн өөрт тариа хийсэн тухай мэдээлэл ч гараад л байгаа. Одоо нэгэнт асуудал шийдэгдэж, дэлхийн бөхийн холбоо шийдвэрээ гаргачихсан. П.Орхон барилдахгүй, дэлхийн аваргад өрсөлдөхгүй, олимпын наадамд оролцохгүй.
Токиогийн тэнгэрт Монголын далбаа хэдэндээ намирах нь дамжиггүй. Тэр тоог П.Орхон нэмэх байсан юм. Хэдийгээр шийдвэр гарсан ч энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй. Заавал учир зүйг нь олох хэрэгтэй байна. Тэр өөрөө яагаад ч сэргээш хэрэглэхгүй гэдгийг бүх гаргалгаагаар нь дурьдчихлаа. Энэ бүхний эцэст хэн нэгний санаатай, санамсаргүй үйлдэл байгаа нь гарцаагүй болж таарч байгаа юм. Эсвэл бүр хорлон сүйтгэх ажиллагаа ч байсан байж болох.
Хэрвээ тийм бол ганцхан тамирчинг биш бүхэл бүтэн чөлөөт бөхийн спортыг, цаашлаад Монгол Улсын амжилтыг тэр хэн нэгэн нь булаачихлаа. Багш нар нь “Ингэхийг нь мэдсэн бол солонгосчууд гуйгаад байхад өгчихдөг байж” гэж халаглаж байна гэнэ. Аргаа барсандаа л тэгж байгаа. П.Орхонгүй дөрвөн жилд чөлөөтийнхөн дэлхийн аваргад түрүүлж, олимпын наадамд төрийн дууллаа эгшиглүүлээсэй билээ. Тэгвэл ядаж л түүний сэтгэл өег байх байлгүй. Чадахгүй бол “Би хэрвээ барилдсан бол” гэж илүү харамсана. Харин дөрвөн жилийн дараа эргэж ирээд, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргээрэй, аварга аа.