Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болох юм. Манайхаас өнөөдөр 6 бөх гарч барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д энэ жингийн шилдэг бөхчүүд болох Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар барилдах юм. Г.Одбаярын хувьд В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийллээ. Дараагийн тойрогт Иордан болон Монакогийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Тэгвэл Ц.Цогтбаатар D хэсэгт багтаж, эхний тойрогтоо мөн хийллээ. Хоёрдугаар тойрогт Германы шилдэг бөх Игор Вандке болон Тажикстаны бөх Сомон Махмедбеков нарын ялсантай нь барилдана.
81 кг-д Н.Дагвасүрэн ганцаараа зодоглож байгаа. Манай бөх С хэсэгт багтаж, Польшийн Степиен Дамиантай барилдахаар оноолт таарлаа.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Хятадын Ян Жун Шатай барилдахаар оноолт таарсан юм. Тэгвэл 70 кг-ын жинд С.Лхагвадулам, Б.Баасанжаргал нар барилдана. С.Лхагвадуламын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Хятадын Сун Ан Кутай барилдана. Харин Б.Баасанжаргал D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Польшийн бөх Дариа Погорзелектэй барилдахаар оноолт таараад байна.