Испанийн Ла лигийн 25 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Барселона" клуб "Севилья"-гийн талбайд зочилж, 2:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 57 оноотой болж, араасаа нэхэж байгаа "Атлетико"-гоос 10 оноогоор тасрав.
Тоглолтын 22 дахь минутад Навас гоолдож, "Севилья" тэргүүлж эхэлсэн. Гэвч 4 минутын дараа Месси тэнцүүлсэн. Харин 42дахь минутад Меркадо гоолдож, эзэн баг дахин тэргүүллийг авсан юм. Ийнхүү эхний үед "Севилья" илүүрхэж, дуусгав. Хоёрдугаар хагаст Месси гайхалтай байж, 67, 85 дахь минутад дахин хоёрыг оруулж, хет-трик толилуулж, багтаа тэргүүлэл авчирсан юм. Мөн тэрбээр Ла лигийн энэ улирлын 25 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна.
"Барса"-гийн дөрөв дэх гоолыг 90 дэх минутад Суарез оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан. Ийнхүү Суарез 16 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтад хоёрдугаар байрт бичигдэж байна.