ОХУ-ын Красноярск хотноо ирэх сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн 29 дүгээр Универсиад наадам болох билээ. Энэ удаагийн наадам спортын 11 төрөлд болж, 60 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Харин манай улсаас спортын таван төрөлд 16 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Универсиад наадамд оролцох баг тамирчдыг үдэж гаргах ёслол өчигдөр Спортын төв ордонд болж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Жеваков, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын албаныхан үг хэлж, амжилт хүслээ. Ёслолын үеэр баг тамирчид тангараг өргөж, БТСГ, МОСХ-ноос Испаний “КЕЛМЕ” брэндийн найман ширхэг иж бүрдэл хувцсыг захиалж хийлгэснээ гардуулж өглөө. Мөн Монгол Улсын төрийн далбааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан багийн тугч, цанын тамирчин, ОУХМ Б.Ачбадрахад гардуулан өгч, амжилт хүссэн юм. Ёслолын дараа МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон шорт трейкийн тамирчин Б.Гэрэлтуяа нартай цөөн хором ярилцлаа.
“Монголдоо өвлийн Универсиад наадмыг зохион байгуулах зорилготой”
МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
-Энэ жил манай улс илүү олон төрөлд, олон тамирчин оролцуулах гэж байна. Ямар зорилго тавьж байгаа вэ?
-Бид энэ жил таван спортын төрөлд тамирчдаа оролцуулж байна. 2017 онд зөвхөн цана, тэшүүрийн төрөлд л тамирчин оролцуулж байсан. Энэ жил олон төрөлд тамирчин оролцуулж байгаа нь цаанаа зорилготой. Монгол Улс өвлийн Универсиад наадмыг зохион байгуулах хэтийн зорилт тавиад ажиллаж байна. “Универсиад-33” наадмыг эх орондоо зохион байгуулахын төлөө ажиллана. Тиймдээ ч энэ наадамд илүү олон тамирчин оролцуулах нь зөв гэж шийдсэн. Нөөц бололцоогоо ч харсан. Гадаадад суралцаж байгаа оюутан залуучуудтайгаа холбогдлоо. Эх орондоо байгаа тамирчидтайгаа ч тулж ажилласан. Шинэ спортын төрлүүдийг оюутан залуучууд хөгжүүлж ирсэн түүхтэй. 1920-оод оны үед залуучууд Орост суралцаж ирээд, гар бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлсэн байдаг. Одоо ч манай оюутнууд шинэ спортын төрлийг хөгжүүлж байна. Цаашлаад Монголын тамирчид тив, дэлхий, олимпын наадамд амжилт гаргах үндсийг тавих ёстой юм. Тиймдээ ч энэ удаагийн наадамд шинэ спортын төрлүүдэд тамирчин оролцуулж байна. Нөгөө талаар Универсиад наадам ойрхон, Орост болж байгаа болохоор оролцоход хөрөнгө зардал бага гарч байна.
-Шинээр нэмэгдэж байгаа төрлүүдийн талаар мэдээлэл өгөөч. Ямар төрөлд тамирчин оролцуулж байгаа юм бол?
-Хамгийн онцлох төрөл гэвэл уран гулгалт. Японд суралцаж байгаа оюутан энэ төрөлд оролцоно. Цанын орон зай баримжаалах гэдэг спортын төрөл байдаг. Орон зай баримжаалах зуны спортын төрлөөс үүдэлтэй. Өвөл ойд, цастай үед цэгүүдийг богино хугацаанд олох спортын төрөл. Мөн фристайлын төрөл буюу сноубордыг манай залуучууд сонирхож, хичээллэх болсон. Өндөр хурдтай уулнаас буудаг цанын спортын төрөл гэхээсээ илүү фристайлын спортоор залуучууд илүү амжилт гаргах болов уу гэж бодож, сорьж үзэж байна. Олон жил гүйлтийн цанаар оролцож байгаа ч амжилт огцом ахиж өгөхгүй байгаа. Тийм болохоор ур чадвар шаардсан энэ спортын төрөлд оролцоод үзвэл гайгүй амжилт гаргах болов уу гэж бодож байна. Хэрвээ амжилттай байвал цаашлаад олимпын наадамд оролцох боломжтой төрөл.
-Шорт трейкийн төрөлд тамирчин “сойж” байгаа юм байна. Их сонирхол татлаа?
-1993 оноос эхлээд шорт трейкийн төрлөөр тамирчин оролцуулж байсан. Зарим жилд оролцож чадахгүй тохиолдол гарсан. Энэ удаагийн Универсиад наадамд нэг эмэгтэй тамирчин оролцуулж байна. Шорт трейк бол битүү дээвэртэй спортын ордонд богино зайд уралддаг тэшүүрийн төрөл. Бид задгай талбайд тамирчнаа бэлтгээд л оролцуулж байна. Ирэх жилээс Улаанбаатар хотод битүү дээвэртэй ордон баригдвал олон хүүхэд бэлтгээд оролцуулах боломжтой. Эхний асуултдаа ямар амжилт гаргахаар тооцож байгаа талаар асуусан даа. Орон зай баримжаалах төрөлд гайгүй амжилт гаргах болов уу гэж тооцож байна. Оросууд өөрсдөө санаачилгаараа энэ төрлийг нэмсэн юм.
Б.Гэрэлтуяа: Хагас шигшээд шалгарах зорилготой байна
-Шорт трейкийн төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм байна. 2017 онд бас оролцож байсан байх аа?
-2017 онд Японы Саппоро хотноо болсон өвлийн спортын Универсиад наадамд оролцож байсан. 1000 метрийн зайд 28 дугаар байрт шалгарсан. 500 метрт уралдахдаа унаад, тэмцээнээ дуусгаж чадаагүй. Шорт трейк бол тэшүүрээс арай өөр. Богино зайд асар хурдтай уралддаг. Би тэшүүрийн спортоор 10 жил хичээллэж байгаа. ОУХМ цолтой. Шорт трейкээр гурван жил хичээллэж байна. Дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр энэ төрөл рүү хөрвөсөн юм.
-Тэшүүрээр хичээллэж байсан хүн шорт трейк рүү хөрвөх ямар байна. Амжилт гаргаж болмоор юм уу?
-Сайн бэлтгэл хийгээд, хичээвэл ямар ч амжилт гаргаж болно. Монгол хүний биеийн онцлог гэж байдаг. Бид чинь бага зэрэг хүнд, лагсдуу хүмүүс шүү дээ. Тэр утгараа богино зайд асар хурдтай уралдахад тохиромж муутай. Гэхдээ өөрийнхөө авхаалж самбаагаар уралдаад, амжилтаа ахиулах, илүү сайжрахын төлөө хичээж байгаа.
-Бэлтгэлээ Монголдоо хийдэг үү?
-Жилийн дөрвөн улиралд Монголдоо бэлтгэлээ хийдэг. Шорт трейкийн бэлтгэлээ өвөл нэгдүгээр сараас авахуулаад мөсөн дээр хийдэг. Энэ жил ч гэсэн нэгдүгээр сараас бэлтгэлээ хийсэн. Ер нь ихэнх үед гүйлтийн тэшүүрийн бэлтгэлээ хийчихдэг. Гүйлтийн тэшүүрийн бэлтгэлийг шорв трейктэй хослуулаад хийж болдог юм. Нэг их ялгаа байхгүй. Тэшүүрийн хувьд бага зэрэг өөр. Гүйлтийн тэшүүр салдаг бол шорт трейк салдаггүй. Зун роликоороо бэлтгэл хийдэг. Роликоор шорт трейкийн бэлтгэл хийхэд хэцүү байдаг. Гэнэт огцом хурд авах шаардлагатай байдаг болохоор.
-Универсиад наадмын бэлтгэлээ хэр хангав?
-Бэлтгэлээ сайн хийсэн. Гүйлтийн тэшүүрээрээ маш их бэлтгэл хийсэн. Шорт трейкийн бэлтгэлээ ч хийсэн болохоор дажгүй гэж бодож байна. Энэ удаад 500, 1000 метрийн зайд уралдахаар бэлтгэлээ базааж байгаа.
-Битүү ордны мөс гадаа тавьсан мөснөөс өөр шүү дээ. Өнгөрсөн хугацаанд битүү ордонд бэлтгэл хийсэн үү. Тэмцээнд оролцохоосоо өмнө талбайдаа дасах бэлтгэл хийх боломж байгаа юу?
-Битүү ордонд бэлтгэл хийж байгаагүй. Дандаа л Хандгайтад тавьсан мөсөн дээр бэлтгэлээ хийж байсан. Мэдээж битүү ордны мөсөндөө дасах бэлтгэл хийх шаардлага байдаг. Очоод ганц нэг бэлтгэл хийх боломж олдвол хийнэ. Гэхдээ хамгийн гол нь сэтгэл зүйн бэлтгэл л сайн байх хэрэгтэй.
-Өөртөө зорилго тавьж байгаа байх. Өмнөх амжилтаа ахиулах, цаашлаад медаль хүртэх гээд?
-Шорт трейкийн төрөлд дөрвөн тамирчин гарч уралдаад, эхний хоёрыг нь дараагийн шатанд авч үлддэг. Миний хувьд хагас шигшээд шалгарах зорилго тавьсан байгаа. Өмнө нь гаргаагүй амжилтаа гаргахын төлөө хичээнэ. Цаашлаад медаль хүртэх гээд тавьсан зорилго бий. Хичээнэ ээ.