Ердөө 12-хон хоногийн дараа ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Тэгвэл дэлхийн аварга эхлэхийн өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байна. Өнгөрсөн шөнө Францын шигшээ баг Италитай нөхөрсгөөр туллаа.
Хэдийгээр Погба тэргүүтэй зарим шилдгүүд нь оролцоогүй ч Франц энэ тоглолтод өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан юм. Тоглолтын 8 дахь минутад “Барса”-гийн төвийн хамгаалагч Умтити тооны харьцааг нээсэн бол Гризманн 29 дэх минутад нэгийг нэмжээ. Тэгвэл Италиас Бонуччи 36 дахь минутад тооны харьцааг ойртуулсан ч Дембеле 63 дахь минутад хариуг нь барьсан байна. Ийнхүү Франц ямархуу хүчирхэг байгаагаа дэлхийн аваргын өмнө харуулаад амжлаа.