М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж, Ө.Дүүрэнбаяр гурав руу орж ирлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-27

Олон улсын жүдо бөхийн холбоо Дюссельдорфын “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Манайхаас дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааны тэргүүн байраа эргүүлэн авсан бол Л.Сосорбарам 20 байр ахиж, түрж орж ирлээ. Дюссельдорфоос хүрэл медаль хүртсэн Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа гуравдугаар байрт бичигдэж байна.

Эрэгтэйчүүдээс Ө.Дүүрэнбаяр +100 кг-д гуравдугаар байр руу орж ирлээ. 60 кг-д Д.Амартүвшин 5 дугаар байрт бичигдэж байна.  Харин Г.Болдбаатар аварга 16-д бичигдлээ.  66-д Г.Хэрлэн 13, Д.Алтансүх 15-д жагсч байна. 

Тэгвэл 73-ын шилдэг бөхчүүд болох Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар 6, 10 дугаар байрт бичигдэж байгаа юм. Аль аль нь байр ахиж, ухарсангүй. 81 кг-д О.Ууганбаатар 16, Н.Дагвасүрэн 17 дугаар байрт бичигдлээ.  90 кг-д Г.Алтанбагана 10 дугаар байрт бичигдэж байна. Харин 100 кг-д Л.Отгонбаатар есдүгээр байрт жагслаа.

Эмэгтэйчүүдээс 52 кг-д Л.Сосорбарам “Их дуулга” тэмцээнээс мөнгөн медаль авсан учраас 20 байр суга ахиж, 34-т бичигдэж эхэллээ. Энэ жинд Б.Хорлоодой 35 дугаар байрт жагсч байна. Манай тамирчид дараа дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртэж чадвал байр ахих боломж бий.

63-т дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг 11, 70-д Ц.Наранжаргал 45 дугаар байрт бичигдэж байна. Эмэгтэй хүнд жин буюу -78, +78-д эхний 100-д манайхаас тамирчин алга.