Л.Сосорбарам алт, Б.Хорлоодой мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-02

Чехийн Праг хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манайхаас зургаан жүдоч оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ.  Тодруулбал, 52 кг-ын жинд өрсөлдсөн Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар алт, мөнгөн медаль хүртэж, чадвар ахиж байгаагаа харууллаа.

Л.Сосорбарамын хувьд А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Францын Жулия Маркоуг ялсан бол хэсгийн аваргын төлөө Германы Нордмейер Бучардыг ялсан юм. Хагас шигшээд Азербайжаны Александра-Ларисаг хожиж, финалд үлдсэн.

Тэгвэл Б.Хорлоодой С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Удаах тойрогт Румыны Элена Стерийг ялсан бол хэсгийн аваргын төлөө Францын Бонна Пенелопег буулгаж авсан. Харин хагас шигшээд Хятадын Зан Ки Шинийг ялж, финалд шалгарсан. Ийнхүү манай хоёр бөх аваргын төлөө тулахад, Л.Сосорбарам илүүрхэж, алтан медаль хүртлээ. 

Хүнд жинд өрсөлдсөн 4 бөхийн хувьд эхний барилдаандаа бүгд ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн юм.