Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд багтаж байсан “Тоттенхэм” клуб талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 61 оноотой болж, тэргүүлэгч хоёр багаас даруй 8 болон 10 оноогоор хоцорч эхэллээ.
Тоглолтын 16 дахь минутад Рамси гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 74 дэх минутад Харри Кейн торгуулийн цохилтоос тэнцүүлж, багаа аварсан юм. Мөн тэрбээр энэ улирлын премьер лигийн 16 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт Обамеянгийн хамт бичигдэж байна.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Манчестер Сити” клуб “Борнмут”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авснаар 71 оноотой боллоо. Ингэснээр “Ливерпүүл” тоглолтоо хийтэл хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Хэрвээ “Ливерпүүл” өнөө “Эвертон”-ы талбайд хожвол тэргүүн байраа эргүүлж авна. Оноо алдвал “Сити” тэргүүн байрт бичигдсэн хэвээр үлдэнэ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 55 дахь минутад Махрез оруулсан юм.
“Манчестер Юнайтед” клубын хувьд талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авснаар 58 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирлээ. “Арсенал” энэ тойрогт тэнцсэн учир хоёр оноо алдаж, тавдугаар байр руу ухарсан юм. Тоглолтын 26 дахь минутад Валери гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч Перейра 53 дахь минутад тэнцүүлж, Лукаку 59, 88 дахь минутад хоёрыг оруулсан. Ингэснээр Бельги довтлогч 12 гоолтой боллоо. Зочин багийн үлдсэн нэг гоолыг Уорд-Проуз 75 дахь минутад оруулсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Вулверхэмптон 2-0 Кардифф
Брайтон 1-0 Хаддерсфилд
Бөрнли 1-3 Кристал Палас
Вест Хэм 2-0 Ньюкасл