Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Якутад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай шигшээ баг “В” хэсэгт өчигдөр Иранд 1:9-өөр ялагдаж Гүржийн шигшээ багийг 5:5-ээр ялаад байсан. Тэгвэл өнөөдөр Дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ-ын шигшээ багтай хэсгийн сүүлийн барилдаанаа хийв. Тус барилдаанд манай бөхчүүд 2:8-аар дийлдснээр тавдугаар байрын төлөө барилдахаар боллоо.
Манайхнаас 57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ялалт байгууллаа. Гавьяат тамирчин Г.Мандахнаран өчигдөр Ирантай хийсэн барилдаанд бэртэл авч, гавьяат тамирчин П.Өнөрбат бэлтгэлийн үеэр бэртэж Гүрж, АНУ-ын шигшээ багтай барилдаагүй.
Манай бөхчүүд тавдугаар байрын төлөөх барилдаанд Кубын шигшээ багтай хүч үзнэ.
ГУРАВДУГААР ТОЙРГИЙН ҮР ДҮН:
МОНГОЛ - АНУ 2:8
57 кг: ТҮМЭНБИЛЭГИЙН ТҮВШИНТУЛГА - Зак Сандерс 6:0
61 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Нико Мегалудис 1:6
65 кг: Батчулууны Батмагнай - Зейн Ретерфорд 0:10
70 кг: Энхбаярын Бямбадорж - Жейсон Чемберлен 0:10
74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Исайя Мартинез 0:11
79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - Томас Гант 3:11
86 кг: ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН - Сэм Брукс цэвэр ялсан
92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Хейден Зилмер 0:11
97 кг: Өлзийсайханы Батзул - Кивен Гадсон 0:8
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Тони Нельсон 0:9