Хөлбөмбөгтэй хүүхдийн баяр

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-04

Монголын Хөлбөмбөгийн Холбоо жил бүр хүүхдийн хөлбөмбөгийн баярыг зургадугаар сарын 01-ний өдөр хийдэг уламжлалтай. Жил бүр Улаанбаатар хотын төвд хүүхэд багачуудад төрөл бүрийн баярын үйл ажиллагаа явуулдаг. Харин алслагдсан хороодын хүүхэд багачууд тэр бүр энэхүү баярт оролцох боломжгүй болж хоцордог билээ.

Энэ ч утгаар энэ жилийн хувьд Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Их Талын Дуулиан ТББ-тай хамтран Улаанбаатар хотын алслагдсан хороод буюу гэр хорооллын зорилтот хүүхдүүдтэйгээ энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Улаанбаатар хотын төвийн дүүргийн хамгийн алслагдсан хороод болох Баянзүрх дүүргийн Гачуурт хороо, Хан-Уул дүүргийн Шувуун Фабрикт “Grassroots” хөтөлбөр амжилттай явагдлаа. Фестивалийн үйл ажиллагааг явуулахаар Ахмад мастеруудыг төлөөлөн Монгол Улсын Анхны Шигшээ багийн гишүүн, Монголын Мастеруудын Биеийн Тамир, Спортын Дэд Ерөнхийлөгч, Буриадын Биеийн Тамир, Спортын гавьяат ажилтан, Хөлбөмбөгийн ОУХМастер Б.Доржпалам, Хүүхэд багачуудыг төлөөлөн “Football For Friendship” фестивальд оролцохоор шалгарсан Э.Даринчулуун, Ш.Эрхэс, Их Талын Дуулиан ТББ-ын Гүйцэтгэх захирал, Хөлбөмбөгийн ОУХМастер Д.Тэрбаатар, “Дуулиан-2020” болон МХБХ-ны шүүгч нарын төлөөлөл, ЕБС-уудын захирал, багш нарын төлөөлөл хамтран ажиллалаа.

Өглөөний 10 цагт Гачуурт дахь бидний сонгосон талбайд 150 орчим охид хөвгүүд цугларан хөлбөмбөгийн баярын үйл ажиллагаагаа хамтдаа тэмдэглэлээ. Хэдийгээр нартай халуун байсан боловч зохион байгуулагчид хүүхдүүдийг наршуулахгүйн тулд усны нөөцийг хангалттай бэлтгэн фестивалиа явууллаа. Анхны гоол, анхны бөмбөг хүрэлт, анхны дамжуулалт, анхны тогтоолт, анхны хууралт гээд бүх анхны хөлбөмбөгийн техникүүдийг мэргэжилтэн багш нараар заалгаж, баярлан хөөрөх хүүхэд багачууд талбайд хамгийн жаргалтай нь байлаа.

Оролцсон хүүхэд бүрт гарын бэлгийг гардуулан оролцсон хүүхдүүдийн төлөөлөл, сургуульд хөлбөмбөгийн бөмбөг гардуулан өгснөөр хөлбөмбөгийн баярын үйл ажиллагаа амжилттай явагдсан юм.

Өдрийн 14 цагт Шувуун Фабрикийн хүүхэд, багачуудад “Grassroots” хөтөлбөр зочиллоо. Нийт 150 орчим хүүхэд багачууд баярынхаа үйл ажиллагаанд оролцохоор Хорооны хөлбөмбөгийн талбайд цугларсан байв. Үйл ажиллагаанд "Туулын Том Тулнууд" клубын тэргүүн Д.Энхтайван хүрэлцэн ирж, хүүхэд багачууддаа сэтгэлийн дэм өгөн оролцлоо. Тэрээр “Манай алслагдсан хороо хүүхдийн баярын үйл ажиллагаа үргэлж дутмаг байдаг. Хүрэлцэн ирж зохион байгуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа” гэдгээ илэрхийлж байв.

Аагим халуун, хүчтэй салхийг ч хүүхэд багачууд үл тоон зөвхөн хөлбөмбөгөөр тоглох нь охид, хөвгүүдэд баяр баясгаланг бэлэглэж байлаа. Тэд ийнхүү хөлбөмбөгийн баярт оролцон хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрэн гартаа бэлэгтэй, сэтгэлдээ мөрөөдөлтэй хүүхдийн баяраа сайхан тэмдэглэцгээлээ.