Хангарьд баг “Улаанбаатар дэлхийн гранпри” тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-04

"Токио-2020" Олимпын наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрлийн баг тамирчдад Олимпын эрхийн оноо олгох "Улаанбаатар" дэлхийн Гранпри тэмцээн энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнийг М-Си-Эс Группийн М-Си-Эс Кока-Кола компани ивээн тэтгэсэн. 

Уг гранпри тэмцээнийг урьдчилсан дэлхийн аварга хэмээн нэрийдэж, олон оронд амьсгаа даран үзсэн байна. Учир нь энэ сарын 8-12-ны хооронд Филипин улсын Манила хотод болох 2018 оны ФИБА 3х3 төрлийн дэлхийн аваргад оролцох, чансаагаараа тэргүүлэгч багууд болох Poland, Russia, Serbia (2017 оны дэлхийн аварга), Slovenia, улсын багууд ирж оролцсон юм. Тус тэмцээний тэргүүн байрт дэлхийн чансааны 4-т бичигдэж буй Словений шигшээ Пиран баг, хоёрдугаар байрт Австралийн Мельбурн баг орсон юм. Харин гуравдугаар байрт  дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Сербийн Novi Sad баг шалгарсан юм.

Манай Улаанбаатар Хангарьд баг тэмцээний “D” хэсэгт багтаж, эхний тоглолтод Тэнүүн Өлзий багийг 22-14 харьцаатай хожиж, дараа нь Канадын шигшээ Саскатоон багт 17-8 харьцаатай хожигдож хэсгээсээ 2-р байраар хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н шигшээ Москва багийг 13-11-ээр буулган авсан хэдий ч хагас шигшээ тоглолтод Австрали улсын Мельбурн багт 21-13-аар хожигдож тэмцээний 4-р байрт шалгарсан юм. Харин Ховд баг 3x3 төрөлд эрэмбээрээ №1 баг болох Novi Sad багтай хэсэгтэй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж бараг л буулгаж аваад хожигдсон юм. Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан багууд “Kuala Lumpur” их дуулгад орох эрхтэй боллоо.