Дөрвөн бөх алтан медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-23

“U-23” хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  Өчигдөр  чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн барилдаанууд болов. Эхний хоёр өдөр сонгомол бөхийн 10, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанууд болоход манай бөхчүүд хараахан алтан медаль хүртэж чадаагүй. 

Тэгвэл өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрөв, нийт найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд маань бүгд медаль хүртэж шагналын тавцанд зогсов. Эрэгтэйчүүдийн 65 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга, 74 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Отгонбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Намуунцэцэг, 57 кг-д Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Б.Хонгорзул нар “Буянт-Ухаа” спортын ордонд ард түмнийхээ өмнө уулга алдуулсан сайхан барилдаан үзүүлэн түрүүлж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 

ОУХМ Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар жиндээ илт илүүрхэж бүх өрсөлдөгчөө цэвэр ялан 23 хүртэлх насны манай тамирчдаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн анхны Азийн аваргууд болсон. Түүнчлэн хүнд бэртлээс болж спортоосоо түр хөндийрөөд эргэн ирсэн Өвөрхангайн Б.Отгонбаяр, Баянхонгор аймгийн 18 настай охин Б.Хонгорзул нар Монголын чөлөөт бөхийн ирээдүйн залгамж халаа гэдгээ харуулж жиндээ урамтай сайхан барилдаж түрүүлсэн юм. 

Эрэгтэйчүүдийн 125 кг-д “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа, эрэгтэйчүүдийн 57 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Ц.Чинзориг хүрэл медалийн эзэд болцгоов. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болно.

ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг

1. Рахул Рахул (Энэтхэг)
2. Бекболот Мырзаназар Уулу (Кыргызстан)
3. ЦЭРМААГИЙН ЧИНЗОРИГ (МОНГОЛ)

65 кг

1. ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА (МОНГОЛ)
2. Амирмохаммад Язданичерати (Иран)
3. Ильяс Жумай (Казахстан)
3. Парвеен Парвеен (Энэтхэг)

74 кг

1. БАТСУУРИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)
2. Навид Морад Занганех (Иран)
3. Дархан Йессенгали (Казахстан)

125 кг

1. Юсуп Батырмурзаев (Казахстан)
2. МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (МОНГОЛ)
3. Мохаммад Моради (Иран)
Эмэгтэйчүүдийн 50 кг
1. ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ (МОНГОЛ)
2. Светлана Анкичева (Казахстан)
3. Жиоти Жиоти (Энэтхэг)

57 кг

1. БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ (МОНГОЛ)
2. Нураида Анаркулова (Кыргызстан)
3. Екатерина Фирстова (Казахстан)

65 кг

1. Тина Тина (Энэтхэг)
2. ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА МОНГОЛ)

68 кг

1. Дивья Какран (Энэтхэг)
2. ЭНХСАЙХАНЫ ДЭЛГЭРМАА (МОНГОЛ)
3. Валерия Гончарева (Казахстан)