УИХ-ын ээлжит бус чуулганы мягмар гарагийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
М.Билэгт: Бид валютын эх үүсвэрээ бүрдүүлэх бодлогоо үндэсний онцлогтоо зохицуулж боловсруулах хэрэгтэй байна. Мал аж ахуйн салбар бол манай нийт хүн амын гуравны нэг хувийн амь амьжиргааг залгуулж байна. Иргэдийн бэлтгэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг дэмжих хэрэгтэй. Ноолуураар л гэхэд жилд 300 гаруй сая ам.доллар орж ирдэг. Махны үйлдвэрүүд одоо байгаа хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг ашиглаж байгаа. Үүнд анхаарах хэрэгтэй. Хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэх асуудалд онцгой анхаармаар байх юм.
О.Баасанхүү: Ашигт малтмалын тухай хууль батлагдахад далд эдийн засаг бий болно. Алтны хууль бус наймаа энэ хуулийг баталснаар гаарна гэж хэлж байсан байр суурь нь хэвээрээ байгаа юу гэдгийг би Д.Сумъяабазар сайдаас асуумаар байна.
Д.Дамба-Очир: Роялтигийн татвар 2.5 байсныг 5 болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн таван хувийн татвар л авна гэсэн үг. Ингэснээр татвар мэдээж нэмэгдэнэ. Төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Харин хулгайд алдаад байх асуудал гайгүй байх гэж бодож байна. Хууль, хяналтын байгууллага, МХЕГ зэрэг байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй. 2018 онд 22 тонн алт авсан. 84 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суутгасан. Алтны үнэ өсч байгаа учраас роялти нь нэмэгдэж байгаа.
О.Баасанхүү: Өмнө хэдэн хувийн татвар авдаг байсан юм бэ. Тагнуулын байгууллага алтны татварыг хардаг. Алтны хулгай илрүүлж байсан юм уу.
Ж.Бат-Эрдэнэ: 2018 онд 13 тонн алт тушаах байснаас 22 тонн алт тушаасан. Түүний зөрүү есөн тонн хаанаас орж ирж байна гэсэн үг вэ. Үүнийг хяналтад авах хэрэгтэй.
О.Баасанхүү: Хил дээрээс хулгайлагдаж байсан хэчнээн тонн алт хулгайлж байсан бэ.
Д.Дамба-Очир: 2018 онд 204 кг алтыг хил дээрээс хурааж авсан байдаг. Алт тушаалтын 60 хувь нь хувь хүмүүс байдаг.
Б.Пүрэвдорж: МАН ард түмнийг хуурч байна. Үүний цаана өсөн нэмэгдэх татвар таван хувь байсныг нь тэг болгож байгаа. Алтны 60 хувийг хувь хүмүүс тушааж байна гэлээ. Алтны компаниуд хувь хүмүүсээр тушаалгаж байгаа. Яагаад гэвэл хувь хүн НӨАТ төлдөггүй. Өсөн нэмэгдэх татвараа тэг болгож, МАН ард түмнээ хуурлаа.
...Гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийг батлах эсэхээр санал хурааж гишүүдийн 81.8 хувь дэмжсэнээр уг хууль батлагдлаа.