ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Эрүүдэн шүүж байгаа хүн болгоныг шалгасны дараа шүүхийн шийдвэр эргэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-28

Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьж батлуулсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дагалдан өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе. 

-Үндсэн хуульд харшилсан хуулийн төслийг хүч түрэн баталлаа гэж байна. Үүнд хариулт өгөхгүй юу? 

-Үндсэн хууль зөрчлөө гэж гишүүд баахан ярилаа. Тэрийг гишүүд тайл­барлахгүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан нь очиж байгаа байх. Цэц шийдвэрээ гаргана. Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг би баахан тайлбарласан. Томилгоо хийдэг эрх бүхий хүмүүст зөвлөмж хүргүүлж байгаа болохоос томилгоог ҮАБЗ хийхгүй ээ. Прокурорын байгууллагын хуульд, тухайлбал, томилдог чөлөөл­дөг гурван заалт байгаа юм. Одоо дөрөв болж нэмэгдээд ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан тохиолдолд чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэж нэмж байгаа юм. С.Зоригийн хэрэгт хүн хэлмэгдүүлж байхад прокурор нь ажлаа хийгээгүй байна гэдэг зөв­лөмжийг томилдог хүнд нь өгөх юм. Прокурорыг Ерөнхийлөгч томилдог. Тэр хүн зөвлөмжийг аваад огцруулахдаа УИХ-тай зөвшилцөхгүй. Харин томилохдоо зөвшилцөнө. Зөвлөмжийг авсан Ерөнхийлөгч энэ үнэн байна гэж үзвэл прокурорыг чөлөөлнө. 

-АТГ-ын дарга, дэд дарга болон Ерөнхий шүүгч, шүүгч нарыг хэрхэх вэ? 

-АТГ-ын дэд дарга, болон дарга нар авлигын эсрэг ажлаа хийхгүй байна гэж ҮАБЗ-өөс үзвэл зөвлөмжөө УИХ-д хүргүүлнэ. Авлигын индекс өссөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ. Томилох эрхтэй байгууллага нь өөрсдөө хэлэлцээд шийднэ. Санал нийлэхгүй бол тэр хүн суудалдаа л үлдэнэ. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар хэрэгт шалгагдаж байгаа болон авлига авсан шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй. Мөн зөвлөмж нэгэнт гарсан бол заавал хэлэлцэнэ. Бүх шатны шүүгч нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, хариуцлага тооцож болно. Гурван жилийг нь хүлээхгүйгээр огцруулж болно. 

-Хууль шүүхийн байгуул­лагын удирдлагууд хууль зөрчсөн асуудал байгаа юм билээ. ҮАБЗ-өөс хэзээ энэ асуудлыг оруулж ирэх вэ? 

-Би тэрнийг мэдэхгүй. Зөвлөлөөс зөвлөмж гаргаад прокурортой холбоотой асуу­дал ирвэл хариулт өгч болно. 

-Ерөнхийлөгч Ерөнхий прокурор болон орлогчийг нь шууд чөлөөлдөг болно. Энэ нь үзэмжээр шийдэж байгаа асуудал биш юм уу? 

-Үндсэн хуулиар Ерөн­хийлөгчид прокурорыг огц­руулах онцгой эрх өгсөн. Тэр эрхээ эдэлнэ. Ажлаа хийхгүй, хүн хэлмэгдүүлээд байхад хяналт тавиагүй бол огцруулна. Тэр бичлэгийн тухай та нар сонссон байх. 

-Өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргачихвал хэ­дэн ч удаа өөрчилж болох юм биш үү? 

-Ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө чөлөөлөх ёстой бол заавал зөвлөмж хүлээнэ. Хугацаа нь дууссан Г.Эрдэнэбат шиг хүмүүсийг бол шууд чөлөөлнө. С.Зоригийн хэргийн ахлагч байсан прокурор шүү дээ. 

-Хууль хэдий хугацаанд үргэлжлэх вэ? 

-Хууль учраас хязгааргүй. 

-Зөвлөмжийн хэдэн хувь нь хэрэгждэг юм бол? 

-65 хувь нь. 

-Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлд бүх зүйлд оролцдог болчихлоо гэж байна? 

-Юунд оролцож болдог юм. Хуульд нь байгаа. Хууль шүүхийн байгууллагын 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын тамлал зог­соо­гүй юм байна. Энэ нь өөрөө Үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулж байна вэ. Хуулийн байгууллагад итгэхгүй болж байна. Хуульд итгэхгүй бол төрд итгэхгүй. Төрийн нэр хүндээ цэвэрлэх ёстой гэвэл хуулиа эхлээд цэвэрлэх ёстой. Ялтанд эрүү шүүлт тулгахгүй байх ёстой гэдгийг хянах учиртай Ерөнхий прокурор нь юугаа хийж байсан юм. Шалгаад хянаад өг гэхээр бие биенээ шалгахгүй хянахгүй, чөтгөрийн тойрог үүсгэчихээд байгаа. Тиймээс аргаа барсан учраас үн­дэс­ний аюулгүй байдал орол­цохоос өөр арга алга. Нийт системийг хэрэггүй болгож байна.

-Ерөнхийлөгч хаан шиг эрх мэдэлтэй болох нь гэж байгаа? 

-Түрүүчийн Ерөнхийлөгч ч гэсэн хаан шиг эрх мэдэлтэй байсан байна. Түүнийгээ юунд зарцуулав. Ямар ажил хийснийг та нар харж байна шүү дээ. Тийм дур зоргын юм гэж юу байх вэ. Өөрт таалагдахгүй бол халж сольдог асуудал байхгүй. Авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон бол зөвлөмж гаргаж, ажлаас чөлөөлөх асуудлыг ярина. 

-Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтнууд буруу­тай нь тогтоогдвол хэрхэх вэ? 

-Ялаа авна. Ажлаас чөлөөлнө гэдэг зөвхөн шалгах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Буруутай эсэхийг шүүх тогтооно. 

-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг татан буулгасан. Энэ газ­рыг эргэж сэргээх талаар яриад эхэллээ? 

-2014 онд АН-ын Засгийн газрын үед АТГ-т аваачиж нийлүүлсэн байдаг юм. Ё.Сагсай гэж нөхөр 10 гаруй жил удирдсан. Энэ хугацаандаа хоёр л цагдаа шийтгэсэн байдаг юм. Тэр хүн ажлаа хэвийн явуулах боломж байсан уу. 10 жил хүний дарамтад байсан нь бичлэгээс тодорхой болж байгаа биз. Хуулийнхан бие биенээ тойрч хамгаалаад байна. Тиймээс хөндлөнгөөс ҮАБЗ орж ирсэн юм. Тэр байгууллага мөрдлөг хийх эрхтэй газраа л байх ёстой. Лав л прокурорын байгууллагын дэргэд байж болохгүй. Хүнд барьцаалагдсан хүн яаж ажлаа хэвийн хийх юм. Хуулийн байгууллагаар дүүрэн гэмт хэрэг байгаа шүү дээ. 

-Дараагийн томилогдсон хүмүүс чөтгөрийн тойрогт орохгүй гэх баталгаа байна уу? 

-Одоо сургамж болж байгаа биз дээ. Ажлаа хийхгүй байвал ажлаа өгөх гэж байгаа дарга нар шиг хувь тавилан хүлээж байгаа шүү гэдгийг хэлнэ. Зүгээр ч нэг ажлаа өгөхгүй, зохих ёсны хариуцлагаа хүлээнэ. 

-А.Цэрэнсодном Ерөн­хий­лөгчийн сонголт биш юм уу? 

-Мөн. Гэхдээ 35-аас дээш настай, 10 жил ажилласан прокурорыг олох ёстой болно. 400 орчим хүн дундаас шүүлт хийнэ шүү дээ. Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг томилуулахаар бичиг хүргүүлээд байсан ч тухайн нэр дэвшигч бусдаас мөнгө нэхсэн, бусдыг дарамталсан гэсэн бичлэг цацагдсан учраас нэрийг нь буцаан татаж, өөр хүнийг оруулж ирэхээр болсон. 

-АТГ-ын даргад хоёр хүнийг санал болгосон. Энэ хоёр хүн хэвээрээ юу? 

-Үгүй. Тэр чинь нөгөө хуулийн нөхцөлд өргөн баригдсан. Нэрсээ татаж аваад өөр хүмүүсийн нэрийг өргөн барина. Ажлаа хийхгүй гэж солих гэж байгаа учраас өөр хүн өргөн барина. УИХ томилгооны сонголыг хийх юм гэнэ лээ. 

-Экс Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж мэдээлэл хий­лээ. Үндэсний аюултай байдлын зөвлөл боллоо гэж мэдэгдсэн?

-Би тэрийг үзээгүй. Тэр талаар байр сууриа илэрхийлэхгүй. Тэр хүний үед л тийм байсан байх. 

-Т.Чимгээ, Б.Содном­даржаа нарыг эрүүдэн шүүсэн гэсэн. Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх үү? 

-Тэр асуудал болоогүй. Эрүүдэн шүүж байгаа, кинонд тоглож байгаа юм шиг орж гарч байгаа хүн болгоныг тогтооно. ШШГЕГ-ын хуяг нь өөрөө орж хүн зодсон уу гэдгийг тогтооно. Эрүүдэн шүүсэн тухай эрүүгийн хэрэг үүсгээд бүр оролцогчдынх нь гэм бурууг тогтоож байж шүүхийн шийдвэр эргэнэ. Хэдүүлээ зогсоод шийдэх юм биш. Шинэ хууль гарсны дараа шинэ удирдлагууд томилогдсоноор энэ асуудлыг ярина. Одоо байгаа удирдлагууд чинь өөрсдийгөө ийм хэрэг хийгээгүй гэж хамгаалаад байна.