Өнөөдөр Г.Болдбаатар, М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-28

Гүржийн Тбилис хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болох билээ.  Дэлхийн 52 орны эрэгтэй 205, эмэгтэй 167, нийт 372 бөх энэ удаагийн тэмцээнд барилдахаар эцсийн байдлаар мэдүүлэг гарчээ. Манайхаас эрэгтэй 9, эмэгтэй 6 бөх барилдана. Өчигдөр мэдүүлэгт эрэгтэй 10 байсан ч нэг нь хасагджээ. 

Өнөөдрийн тухайд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаанууд болно.  60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар барилдана. Манай бөх D хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Азербайжаны Тофиг Маммадов болон Оросын Иван Долгих нарын ялсантай нь барилдах юм. 

Тэгвэл 66 кг-д Д.Алтансүх, Г.Хэрлэн гэсэн шилдэг тамирчид барилдана. Г.Хэрлэн С хэсгийг тойлгойлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Киргизстаны Эртур Турдубаевтай барилдахаар оноолт таарлаа. Харин Д.Алтансүх D хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлэв. Хоёрдугаар тойрогт Франц болон Италийн жүдочдын ялсантай нь барилдана. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М.Уранцэцэг, залуу жүдоч Б.Ойдовчимэд нар барилдах юм. М.Уранцэцэг гавьяатын хувьд А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Азербайжан болон Сербийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Б.Ойдовчимэд D  хэсэгт багтаж, эхний тойрогтоо Польшийн бөх Эва Кониечнитэй барилдахаар оноолт таараад байна. 

52 кг-д Б.Хорлоодой барилдах бөгөөд D хэсэгт багтлаа. Манай бөх эхний тойрогтоо Словены Нарекс Петратай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл 57кг-д Б.Алтанцэцэг барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Израйлийн бөх Грийнберг Мааяантай барилдахаар оноолт таараад байна. 
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.