Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Өчигдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр жингээ тэргүүлж буй тул эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Сербийн Андреа Стожадиновтой барилдан цэвэр ялсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилын Бригида Наталиатай барилдан мөн цэвэр ялж, хагас шигшээд Францын Милани Клементтэй барилдан торгуулиар ялагджээ. Ингэснээр хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдаж өчих мэхээр ялж хүрэл медаль хүртчээ.
Харин эрэгтэйчүүдийн -60кг жинд МУГТ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Азербейжаны Тофиг Маммадовтой барилдан цэвэр ялсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Гүржийн Жаба Папинашвилитэй барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялсан бөгөөд хагас шигшээд Гүржийн Лухуми Чхвимианитэй барилдан ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө яг одоо Узбекстаны Шарафуддин Луфиллаетэй барилдан ялагдаж тавдугаар байрт бичигдсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой эхний тойрогт Словен улсын Нарекс Петратай барилдан торгуулиар цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Туркын Дамла Калискантай барилдан цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Швейцарын Евелине Цчопптой барилдан мөн цэвэр ялсан юм.
Харин хагас шигшээд Италийн Одетте Гиуфридатай барилдан нэмэлт цагт ялагдсан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа бөгөөд хүрэл медалийн төлөө Бразилын Ларисса Пиментатай барилдаж ялагдал хүлээжээ.