А.Ганбаатар АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-06

Азийн хөлбөмбөгийн холбооны 29-р их хурал Малайз улсын Куала Лумпур хотод болж байгаа бөгөөд өчигдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа, зөв зүйтэй бодлогыг өндөрөөр үнэлж А.Ганбаатарыг Дэд Ерөнхийлөгчөөр сонгож улам их итгэл хүлээлгэв. МХБХ сүүлийн жилүүдэд Азийн томоохон холбоодуудтай үйл ажиллагаагаараа өрсөлдөж, 2018 онд Япон, БНАСАУ-ын хөлбөмбөгийн холбоодтой эн зэрэгцэн нэгэн шагналын тавцанд гарч, АХБХ-ны "Өсөх ирээдүйтэй холбоо"-оор шалгараад байсан.

Бүх насны эрэгтэй шигшээ багууд, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзал, лигийн систем, орон нутгийн хөлбөмбөг, тоглогч, дасгалжуулагч, шүүгчийн боловсрол, нийгмийн хариуцлага, тусгай олимп гээд хөлбөмбөгийн хүрээнд яригдах бүхий л төлөөллүүдэд хүрч ажиллах зорилготой МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч болсон нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд том хувь нэмэр болох нь дамжиггүй биз ээ.