“Арсенал”, “Челси” эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-11

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн ¼ шигшээн эхний тоглолтууд боллоо. Энэ шатанд Английн “Арсенал” клуб Италийн “Наполи”-тэй учраа таарсан бөгөөд эхний тоглолтоо талбайдаа хийлээ.

Энэ тоглолтод “Арсенал” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, эхний ялалтаа авлаа. Хариу тоглолт ирэх долоо хоногт Италид болно. 2:0 гэдэг хангалттай сайн үр дүн. Хариу тоглолтод “Арсенал” хоёр болон түүнээс дээш гоолын зөрүүтэй хожигдохгүй байхад болно.

 Мөн эсрэг багийн талбайд гоол оруулбал давуу талаа бүр илүү лавшруулах учиртай. Энэ удаагийн тоглолтын 14 дэх минутад Рамси гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 25 дахь минутад Кулибали өөрийнхөө хаалганд гоолдсоноор “Арсенал”-д том тус хүргэсэн юм. 

Тэгвэл Английн нөгөө баг болох “Челси” Чехий “Славия Брага” багийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээд шалгарах өндөр боломжтой боллоо. Хариу тоглолтыг өөрийн талбайд хийх нь маш том давуу тал болно. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 86 дахь минутад Алонсо оруулсан юм.