Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны сугалаа энэ сарын 17-нд болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-11

2022 онд Катар улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багаас одоогоор зохион байгуулагч Катарын шигшээ баг шууд эрхээ аваад байгаа бол үлдсэн 31 эрхийн төлөө ОУХБХ-ны гишүүн 211 улсын шигшээ баг энэ оны зургадугаар сараас урьдчилсан шатанд хүч үзэх юм.

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 46 гишүүн улсаас чансаагаараа эхний 34 байранд бичигдсэн багууд 2-р шатанд шууд оролцоно. Харин  үлдсэн 12 орны баг сугалаагаар таарч эзэн зочин хоёр тоглолтыг хийнэ. Тус сугалаа энэ сарын 17-ны өдөр Малайзын Куала Лумпурт байрлах Азийн Хөлбөмбөгийн Холбооны төв оффист болох юм.

 Монголын шигшээ багийн тухайд Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри-Ланк, Малайз, Макао, Камбоджи, Бутан, Лаосын шигшээ багуудтай энэ тоонд багтаж байна. Хэрэв манай шигшээ эхний шатанд эдгээр багуудыг давж чадвал цааш хэсэгт хуваагдаж өөрийн болон эсрэг багийн талбайд 8 тоглолтыг хийх бөгөөд БНСУ, Австрали, Япон зэрэг тивдээ төдийгүй дэлхийн тавцанд өндөрөөр үнэлэгддэг багуудтай тоглох цаашлаад эдгээр багууд манай улсад зочлон тоглох боломж бүрдэх юм.