Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “хөшиг”-ийг хааж “Арсенал” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 0:1-ээр хожлоо. Ингэснээр 66 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирлээ.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 10 дахь минутад Обамеянг оруулсан. Ийнхүү тэрбээр 18 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. “Арсенал”-ын хувьд нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Нөхөн тоглолтоо хожиж чадвал дөрөвдүгээр байраа хадгалах, цаашлаад байр ахих ч боломж байна.