“Тоттенхэм” дуулиан тарилаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-17

Аваргуудын лигийн энэ улирлын тоглолтууд дуулиан дүүрэн үргэлжилж байна. Хэний ч таамагт байгаагүй “Аякс” клуб “Реал Мадрид”, “Ювентус”-ыг мулталж, хагас шигшээд шалгараад байгаа. Тэгвэл хагас шигшээд, цаашлаад финалд үлдэх магадлал хамгийн багатай гэгдэж байсан “Тоттенхэм” клуб “Аякс”-ын адил дуулиан тарьсаар хагас шигшээд орж ирлээ.

Шөвгийн 16-д энэ улиралд ганган байгаа Германы “Боруссия Дортмунд” клубыг ямар ч боломж өгөлгүй буулгаж авсан. Тэгвэл шөвгийн наймд өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг багийн тоонд зүй ёсоор орж байгаа нутаг нэгт “Манчестер Сити”-г айлын талбайн гоолын дүрмээр хожлоо. 

Эхний тоглолт “Тоттенхэм”-ийн талбайд болоход Сон Хын Мин гоолдож, 1:0-ээр хожсон. Тэгвэл хариу тоглолт өнгөрсөн шөнө “Этихад” цэнгэлдэхэд болоход 4:3-аар, талбайн эздийн хожлоор өндөрлөв. Нийлбэр дүн 4:4. “Тоттенхэм” айлын талбайд 3 гоол оруулж чадсан учир хагас шигшээд шалгарлаа.  

Тоглолтын эхний 10 минутад гал гарсан. “Сити”-гээс Стерлинг 4, Бернарду Силва 11, “Тоттенхэм”-ээс Сон 7, 10 дахь минутад гоолдсон юм.  Тэгвэл өнөөх Стерлинг 21 дэх минутад дахин нэгийг оруулж, Агуэро 59 дэх минутад нийлбэр дүнг илүү гаргаж, “Сити” хожиж эхэлсэн. Гэвч 73 дахь минутад Льоренте гоолдож, нийлбэр дүнг тэнцүүлсэн юм. 

Цаг дуусахтай зэрэгцээд Стерлинг дахин нэг гоол оруулсан ч отон тоглолт байсныг VAR технологиор шүүж, цуцалсан. Ийнхүү “Тоттенхэм” Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, “Аякс”-тай тулахаар боллоо.