Өнөөдөр Д.Сумъяа тэргүүтэй долоон бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-19

Арабыын нэгдсэн Эмират улсын Фужара хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын Аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхлэх учиртай. Энэ бүс нутгийн 40 орны эрэгтэй 174, эмэгтэй 99, нийт 273 жүдоч тэмцээнд оролцохоор эцсийн мэдүүлгээ өгчээ. Манайхаас эрэгтэй 9, эмэгтэй 8 жүдоч өрсөлдөнө. 

Өнөөдрийн тухайд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болох юм. 60 кг-д Э.Ариунболд, Л.Өнөболд нар барилдана. Э.Ариунболдын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Непалын бөх Бам Мохантай учраа таарчээ. Тэгвэл Л.Өнөболд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркмэнстаны бөх Хакберди Юмаевтай учраа таарлаа. 

66 кг-д Ё.Басхүү, Н.Мөнхбаяр нар барилдана. Ё.Басхүүгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Бангладеш, Австрийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Н.Мөнхбаяр D хэсэгт багтаж, Туркмэнистаны бөх Коссеков Мухамметтай барилдахаар оноолт таараад байна. 

Эмэгтэйчүүдийн тухайд 48 кг-д Г.Наранцэцэг барилдах байсан ч тэмцээн эхлэх өдөр мэдүүлгээр хасагджээ. Харин 52 кг-д Л.Сосорбарам барилдана. Манай бөх  D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Тайванийн Су Ван Чутай барилдахаар оноолт таарлаа.

57 кг-д дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Энхийлэн нар барилдана. Д.Сумъяагийн хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Сири болон Японы бөхчүүдийн ялсантай нь барилдана.  Үндсэндээ Японы Томизава Канатай барилдах нь тодорхой биз ээ. Л.Энхрийлэнгийн хувьд В хэсэгт багтсан. Мөн л эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Энэтхэгтэй барилдахаар боллоо. Хэсгийн аваргын төлөө ялж чадвал хагас шигшээд манай хоёр бөх хоорондоо таарах магадлал өндөр байна.