Монголын жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-20

Арабын нэгдсэн Эмират улсын Фужара хотноо Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манайхаас 7 бөх гарч барилдсанаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

52 кг-д барилдсан Л.Сосорбарам илт сайжирч байгаагаа дахин баталж, финалд үлдсэн. Харин аваргын төлөө Узбекстаны Диёора Келдиёоровад цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл 57 кг-д барилдсан Л.Энхрийлэн ч сайжирч байгаагаа харуулж, Тайванийн Лиен Чен Линг ялж, хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй хөнгөн жингийнхэн ч үүргээ сайн биелүүлж, хоёр хүрэл медаль хүртлээ. 60 кг-д Э.Ариунболд Солонгосын Ли Ха Римийг буулгаж авч, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл 66-д Ё.Басхүү нутаг нэгт бөх Н.Мөнхбаярыг ялснаар хүрэл медаль хүртлээ.