“Ливерпүүл” хожиж, “Арсенал”, “Манчестер Юнайтед” хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-21

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Кардифф”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 88 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байна. Тоглолтын 57 дахь минутад Вейналдум гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Милнер 81 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ.

Тэгвэл шилдэг дөрөвт орохын төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “Эвертон”-ы талбайд зочилсон. “Тоттенхэм” бүдэрсэн үеийг тэд ашиглах ёстой байсан ч өрсөлдөгчөө хожиж чадалгүй, 4:0-ээр бутниргүүллээ. Ингэснээр 64 оноотой хэвээр үлдэж, 6 дугаар байрнаасаа ховхрох боломжоо алдлаа.

Тоглолтын 13 дахь минутад Ришарлисон гоолдож, тооны харьцааг нээсэн бол Сигурдссон 28, Динь 56, Уолкотт 64 дэх минутад нэг нэгийг нэмжээ.

Мөн энэ тойрогт “Арсенал” клуб талбайдаа “Кристал Палас”-тай тулсан. Хэрвээ хожсон бол “Арсенал” гуравдугаар байр руу орох байлаа. Гэвч тэд талбайдаа 2:3-аар хожигдсон юм. Ингэснээр 66 оноотой хэвээр үлдэж, дөрөвдүгээр байрнаасаа ховхорсонгүй.  Энэхүү тоглолтод “Арсенал”-аас Өзил 47, Обамеянг 77 дахь минутад гоолдсон. Харин зочдоос Бентеке 17, Заа 61, Макартур 69 дэх минутад нэг нэг гоол оруулсан юм.