Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар алтан медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-21

Ази, Номхон далайн бүсийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Фужара хотноо болж байгаа билээ. Өчигдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаан болж, манай бөхчүүд 2 алт, нэг мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар аваргын төлөө Солонгосын алдарт бөх, дэлхийн аварга Ан Чан Римтэй барилдаж, цэвэр ялснаар Азийн аварга болов. Өмнө нь хоёр ч чухал тэмцээнд таарч, ялагдаад байсан бол энэ удаад илт илүүрхсэн юм.

Тэгвэл 81 кг-д барилдсан О.Ууганбаатар Азийн аваргын финалд Узбекстаны бөх Шарофиддин Болтабоевтай тулж, цагийн төгсгөлд цэвэр ялснаар Монгол Улсын төрийн дууллыг хоёр дахь удаагаа эгшиглүүлсэн юм. Мөн анх удаа Азийн аварга болж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч финалд Хятадын бөх Ян Жун Шатай барилдсан ч ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн Азийн аваргад Хятадын бөхчүүд сайн барилдаж, эрс сайжирч байгаагаа харууллаа.

Эхний хоёр өдрийн дараах байдлаар манай улсын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж байна. Араас нь Японы баг 2 алт, нэг мөнгө, 3 хүрэл медальтай удаалж байгаа юм.