Английн премьер лигийн 35 дугаар тойрогт “Тоттенхэм” бүдэрч, араасаа нэхэж буй бүх багт боломж олгосон. Харамсалтай нь “Манчестер Юнайтед”, “Арсенал” энэ боломжийг ашиглаж чадаагүй хожигдсон.
Тэгвэл “Челси” ч гэсэн өрсөлдөгч багуудынхаа бүдрэлтийг ашиглаж чадсангүй. “Цэнхэрүүд” хожиж гэмээнэ 69 оноотой болж, гуравдугаар байр руу орох байлаа. Гэвч талбайдаа “Бөрнли”-тэй 2:2-оор тэнцэж, 67 оноотой болсноор дөрөвдүгээр байрт бичигдэж эхлэв. Гэхдээ “Манчестер Юнайтед”, “Арсенал” нэг тойргийн тоглолт дутуу. Тэр тоглолтдоо хожвол өмнө нь гарч, “Челси” зургадугаар байр руу ч унах боломжтой.
Энэ удаагийн тоглолтын 8 дахь минутад Хендрик гоолдож, “Бөрнли” тэргүүлж эхэлсэн. Гэвч 4 минутын дараа Канте тэнцүүлж, 14 дэх минутад Игуаин нэгийг нэмсэн. Харин 24 дэх минутад Эшли Барнс гоолдож, тэнцүүлснээр “Челси”-гээс хоёр оноог нь “хулгайлж”, өөрсдөө нэг оноо авснаар доош унах аюулаас холдож байна. 35 тойргийн дараах байдлаар тэд 40 оноотой. Үлдсэн гурван тойрогт нэг тэнцээ салгахад л дээд лигтээ үлдэх боломжоо баталгаажуулна.