Ө.Батзул алтан медалийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-22

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Эхний өдөр манай улсаас таван бөх гарч барилдсанаас 97 кг-ын жинд зодоглосон  “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул ганцаараа шигшээд шалгарлаа. 79 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ дагах барилдаанд ялагдсан. Эхний өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

57 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Н.Насанбуян 2018 оны Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт 1/4 шигшээд Узбекистаны Махмуджон Шавкатовт 2:7-гоор ялагдав. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Ираны Реза Атрид 1:2-оор дийлдснээр дагах барилдаан гарсангүй.

65 кг: 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Тулга тэгшитгэлийн барилдаанд Японы Коки Шимизүд 4:4-өөр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв. Түүний өрсөлдөгч удаах даваанд Узбекистаны Сиродиддин Хасановт 0:4-өөр дийлджээ.

79 кг: “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ Энэтхэгийн Парвеен Ранад 2:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь Япон, Казахстаны бөхчүүдийг ялж шигшээд шалгарснаар Д.Төгс-Эрдэнэд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Японы бөхөд 2:12-оор ялагдлаа.

70 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн 1/8 шигшээд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр ялж (10:0) ялсан ч шөвгийн наймд Ираны Йонес Эмамичогайд 2:12-оор ялагдав. Ираны бөх хагас шигшээд Казахстаны Нуркойза Кайпановт дийлджээ.

97 кг: “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ө.Батзул 1/4 шигшээд Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг 10:0-ээр тус тус яллаа. Ингэснээр тэрбээр финалд  Ираны алдарт бөх Реза Язданитай барилдана.