Ө.Батзул Азийн аваргад үзүүрлэв

O.Admin
2019-04-23

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  БНХАУ-ын Си Ань хотод эхэллээ. Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болов.  Харин манай бөхчүүдээс 97 кг-ын жинд зодоглосон  “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр урд хөршид шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагджээ.

Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа хоёр дахь оролдлогоороо мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна.