Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 23 хүртэлх насны дэлхийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Г.Ганхуяг 1/8 шигшээд Европын залуучуудын аварга болж, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлж байсан Кыргызстаны дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөрялагдсан.
Өрсөлдөгч нь шигшээд торолгүй шалгарснаар дагах барилдаан гарав. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр буюу сүүлийн оноогоор, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.
Тэгвэл 74 кг-ын жинд зодоглосон ОУХМ Б.Отгонбаяр хүрэл медаль хүртсэн. Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан. Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.