“Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэг болж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-03

Иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаант үзлэг өнөөдөр  Монголын Хөлбөмбөгийн холбооны Фүтзааланд болж байгаа юм.

Тус уралдаант үзлэгт 4-70 насны иргэд дүүрэг, хороо, хэсэг, байгууллага, хамт олноо төлөөлөн 12 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцдог аж. Багууд спорт, уран сайхан, аэробик, хийн дасгал, ушу, таеквондо, спорт бүжиг, акробатик болон бусад спортын төрлүүдийн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй дасгал хөдөлгөөн бүжгийн элементүүдийг чөлөөтэй сонгон оролцдог ажээ. 

Энэ удаагийн гимнастрада уралдаант үзлэгт нийслэлийн есөн дүүргийн 27 байгууллагын 1043 иргэн оролцож байгаа юм байна.