“Ливерпүүл” найдлагаа хадгалж, “Тоттенхэм” дахиад хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-04

Английн премьер лигийн 37 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт түрүүлэх боломжоо хайж байгаа “Ливерпүүл” клуб хүчтэй өрсөлдөгчийн нэг болох “Ньюкасл” клубын талбайд зочилж, амин чухал тоглолт хийлээ. Тэд юуны өмнө өөрсдөө оноо алдахгүй байх даалгавартай. Улмаар “Сити”-г оноо алдаасай гэж залбирахаас өөр сонголт үлдээгүй.

Тэгвэл “Ливерпүүл” энэ тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, 94 оноотой болсноор “Сити”-г тоглолтоо хийтэл хүснэгтийг тэргүүлэх нь. Тоглолтын 13 дахь минутад Ван Дейк гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Атсу 20 дахь минутад тэнцүүлсэн юм. Харин 8 минутын дараа Салах энэ улирлын премьер лигийн 22 дахь гоолоо оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Хариуг нь 54 дэх минутад Рондон цөм цохиж гоолдож, барьсан.

Ийнхүү тэнцээд байхад Ориги 86 дахь минутад Шакиригийн дамжуулалтаар гоолдож, багтаа итгэл найдварыг нь үлдээлээ. Даваа гарагийн шөнө “Сити” талбайдаа “Лестер”-тэй тоглоно. “Манчестер Сити” үлдсэн хоёр тоглолтоос оноо алдах л юм бол “Ливерпүүл” түрүүлэх боломжтой.

“Борнмут”-ын талбайд зочилсон “Тоттенхэм” хожигдох л юм бол гуравдугаар байраа хадгалж үлдэж, улирлыг дуусгах боломжоо багасгах байв. Тиймээс заавал хожих ёстой байсан. Гэвч Лондоны баг хожиж чадсангүй. Тоглолтын 43 дахь минутад Сон, 50 минутад Хуан Фойт нар улаан хуудас авснаар багаа бүрэн хөөдөв.  Хоёр хүн дутуу 40 минут тэссэн “Тоттенхэм”-ийг шүүгчийн мэдлийн цагт Аке торгож, нэг гоол оруулснаар нуман тулгуурт орууллаа.

“Тоттенхэм” 70 оноотой байгаа. “Челси” 68 оноотой бөгөөд энэ тойрогт талбайдаа “Уотфод”-тай тоглоно. Хожвол 71 оноотой болж, топ дөрөвт багтах боломж нь нэмэгдэх юм. Харин “Арсенал” 66 оноотой бөгөөд, үлдсэн хоёр тойрогт хоёуланд хожвол 72 оноотой болно. Тэгэхээр тэдэн ч бас боломж бий.  “Арсенал” өнөөдөр талбайдаа “Брайтон”-тай тоглоно. Хожих боломж өндөртэй. Тэгэхээр 38 дугаар тойрогт “Тоттенхэм” талбайдаа “Эвертон”-ыг заавал хожиж байж дөрөвдүгээр байрт бат үлдэнэ.  Гэхдээ тэдний хувь заяа өөрсдийнх нь гарт байсан хэвээр л байна.