“Челси” Аваргуудын лигийн эрхээ баталгаажуулж, “Арсенал” боломжоо хийсгэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-05

Английн премьер лигийн 37 дугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Үндсэндээ Аваргуудын лигийн эрхийн байрт орох багуудын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно.  “Тоттенхэм” дахин хожигдсон учраас “Челси”-д гуравдугаар байр руу орох боломж гарч ирсэн. 

Тэр боломжоо ч “Цэнхэрүүд” ашиглаж, талбайдаа “Уотфорд”-ыг 3:0-ээр буулгаж авч, 71 оноотой болсноор гуравдугаар байрт бичигдэж байна.  Сүүлчийн тойрогт “Челси” хожигдсон байсан ч гэсэн дөрөвдүгээр байраас буухгүй нь тодорхой боллоо. Тоглолтын 48 дахь минутад Лофтус-Чик гоолдож, тооны харьцааг нээсэн бол 3 минутын дараа Давид Луйз нэгийг нэмжээ. Улмаар Игуаин 75 дахь минутад нэгийг нэмж, гүйцээсэн юм.

Тэгвэл эхний дөрөвт багтахын төлөө өрсөлдөж байсан “Арсенал” 37 дугаар тойрогт “Брайтон”-тай талбайдаа 1:1-ээр тэнцсэнээр боломжоо салхинд хийсгэлээ.  “Их буучид” 37 тойргийн дараах байдлаар 67 оноотой болсон.  Уг нь 9 дэх минутад Обамеянг торгуулийн цохилтоос 20 дахь гоолоо оруулж, тооны харьцааг нээсэн. Гэвч 61 дэх минутад Мюррей торгуулийн цохилтоос тэнцүүлж, тэдний итгэл найдварын хоёр оноог булаачихсан.

“Арсенал” 38 дугаар тойрогт хожоод, “Тоттенхэм” хожигдсон ч гэсэн гоолын зөрүү дэндүү хол. “Тоттенхэм” клуб “Эвертон”-д талбайдаа 4, 5 гоолын зөрүүтэй хожигдох магадлал тун бага. Мөн “Арсенал”-ынхан өөрсдөө “Бөрнли”-г 4, 5 гоолын зөрүүтэй хожих боломж ч бага нь ойлгомжтой. Тэгэхээр “Их буучид” Европа лигт түрүүлж, Аваргуудын лигт орох боломжоо хайхаас өөр сонголт бараг л үлдсэнгүй. Эсрэгээрээ “Тоттенхэм” Аваргуудын лигт санаа амар тоглох боломж бүрдлээ.