Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдөр манайхаас 7 бөх гарч барилдсанаас хоёр нь медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зангараг зааж, хүрэл медаль хүртлээ.
Манай бөх хагас шигшээ хүртэл тороогүй. Гэвч хагас шигшээд Гүржийн Темур Нозазед ялагдаж, хүрлийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Францын бөх Хяар Валайдыг буулгаж авч, медалийн тавцанд зогсч чадлаа.
Тэгвэл 66-д барилдсан Ё.Басхүү хагас шигшээд эзэн орны шилдэг бөх Нижат Шихализадад ялагдсан. Гэвч эзэн орны өөр нэг бөх болох Ибрахим Алиевыг ялж, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү эхний өдөр хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.