ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-15

Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ. Хоригийг хүлээж авах эсэх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхийлөгч Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан. Таны хувьд энэ хуулийг сайн болсон гэж хэлээд байгаа. Тэгвэл хориг тавьж байгаа талаар та юу хэлэх вэ?
-Бид дөрөв дэх хоригоо хүлээж авлаа. Би энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хуулийнхаа зүйл, заалтуудыг ойлгоогүйгээр хориг тавьсан байна. Оюутолгойд давуу байдал өгөх гэсэн заалтууд байгаа учраас хориг тавьж байна гэсэн.  Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанид нөлөөлөхгүй, үйлчлэхгүй гээд энэ хуулийн 4.1.12-т тодорхой бичсэн. Цагаан цаасан дээр хараар биччихсэн байгаа.  Тийм болохоор 20 хувийн татвар тав болж буурахгүй ээ. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани нөлөөлөхгүй гээд биччихээд байхад л энэ талаар яриад байгаад гайхаж байна. Би дахиад хэлье, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны салбар үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компанид татварын хуулийн хөнгөлөлт, чөлөөлөлт огтхон ч үйлчлэхгүй. Үүнийг ойлгохгүй байгаа юм уу, эсвэл ойлгосон мөртлөө зориуд ингээд байна уу. Хоёрдугаарт,  “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулсан гэсэн. Яг эсрэгээрээ.  Монгол Улс татварын асуудлаар Европын холбооноос гаргадаг хар жагсаалтад орчихсон байсан. Үнэ шилжүүлэхийн эсрэг заалт Монгол Улсын татварын хуулиудад байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад үйл ажиллагаа явуулах боломж олгоод байна гэсэн учраас тодорхой зарчмуудыг энэ хуулинд оруулж өгсөн. 

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан гэсэн байсан?
-2006 оны хуулиар иргэн хүн газраа ч бай, эрх шилжүүлсэн ч гэсэн, мөн аж ахуйн нэгж газраа шилжүүлсэн бол 30 хувийн татвар авдаг байсан юм.  2017 оны сүүлчээр 2018 оны төсөв өргөн мэдүүлэх үед УИХ-аар ярьж байгаад иргэн хүн газраа шилжүүлбэл 10 хувь болгож өгсөн. Гэтэл аж ахуйн нэгжүүд газраа иргэний нэр дээр шилжүүлж, 10 хувийн татвар төлөөд байсан юм. Тиймээс бид 10 хувь болгож өргөн мэдүүлсэн.  Нөгөө талаар хэлэлцүүлэг хийх үеэр аж ахуйн нэгжүүдийн гол тавьж байсан асуудал энэ байсан. Бид Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө маш том хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэгэхэд гарч ирсэн санал юм. Бид аж ахуйн нэгж, олон нийтээр хэлэлцүүлчихээд, гаргасан саналыг нь хүлээж авахгүй бол хэлэлцүүлэг хийх хэрэггүй биз дээ. Хэлэлцүүлгийн үр дүнд гарч ирсэн саналыг авахгүй, хориглоно гээд байгааг гайхаж байна. Бас уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар хуулинд тусгасан гэж хориглосон.  Бид тэгж тусгасан. Гэтэл бөөнд нь тайлагнадаг болго гэдэг санал оруулж ирж байгаа юм байна. Би үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, ашигт малтмалын тусгай лиценз болгоноор нь тайланг нь авахгүй болохоор нэг тайланд ашигтай, нөгөө тайландаа алдагдалтай гарсныг хольж бичээд, татвар төлөхгүй болчихоод байгаа юм. Тийм учраас Сангийн яам лиценз болгоноор тайлагна. Ашигтай ажиллаж байгаа лиценз байвал татвараа төлөх ёстой. Тэгэхгүй болохоор ашигтай, ашиггүйгээ хольж тайлагнаад, татвар төлж өгөхгүй байна. Энэ бол үндэслэлгүй хориг гэж үзэж байгаа. 

-Арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулахаар зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулж, таван хувь болгож бууруулсан гэсэн үндэслэл байсан?
-Энэ ч бас дордуулсан биш эсрэгээрээ. Зээлийн хүүг бууруулах зорилгоор л бид ийм заалтыг оруулсан. Монголд л байгаа мөнгөөрөө зээл олговол хүү нь өндөр байсаар л байна. Тиймээс бид гаднаас аль олох олон эх үүсвэр орж ирээсэй гэж үзэж, татварын хувийг тав болгож оруулж ирсэн. Гаднаас хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэр оруулж ирчихээд, буцаагаад гаргахад 10 хувийн татвар авдаг. Ийм байвал зээлийн хүү яагаад ч 10 хувиас буухааргүй болчихоод байгаа юм.  Яагаад гэвэл энэ 10 хувийг арилжааны банкууд хүүндээ суулгаад л ард иргэдээс авдаг. Тэгэхээр бид зээлийн хүүг бууруулах чиглэлээр ийм санал оруулж ирж байгаа юм шүү.   Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд татварын хялбаршуулсан горимыг өгөөд, бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болгочихлоо гэж байна. Аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголт хийх эрх нь байгаа.  Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол 100 мянган төгрөг төлөөд, жилдээ нэг удаа тайлан гаргана гэдэг сонголт нь байгаа. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд, хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэх боломж нь хуулиараа нээлттэй байхгүй юу.  Гэх мэт зүйл байна. Бид хоригтой танилцаад, хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, хориг дотор дурьдсан зүйлс үндэслэлгүй.  

-Танай намынхан “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээлсэн. Ийм зээл өгөх боломжтой юм уу?
-Манай намын бүлгийн хурлын үеэр зарим гишүүд хууль санаачилж байгаагаа хэлсэн. Гэтэл манай намын маш олон гишүүн болгоомжилж байсан. Зарим нь бүр эсэргүүцсэн. Засгийн газар энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй. Хэсэг гишүүд санаачлаад, оруулаад ирэх байх. Монгол Улс ардчилсан орон. Хэсэг гишүүд хууль санаачлаад, мэдээллээ хийх эрх нь нээлттэй.