“Барса” сүүлчийн тойрогт тэнцэж, “Валенсия” аваргуудын лигийн байрт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-19

Испанийн Ла лигийн 38 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Ла лигт түрүүлэх болзлоо нэгэнт хангасан “Барселона” клуб “Эйбар”-ын талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ.  Ингэснээр 87 оноотой болж, араасаа нэхэж буй “Атлетико”-гоос 11 оноогоор илүү гарч, түрүүлж байгаа юм.

Тоглолтын 20 дахь минутад Кукурелья гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Месси 31, 32 дахь минутад хариуг нь барьж, дубль хийсэн юм. Ийнхүү Месси Ла лигийн энэ улирлыг 36 гоолтой өндөрлүүлж байна. Эзэн багаас 45 дахь минутад де Бласис тэнцүүж, багтаа нэг оноо авчирчээ.

“Атлетико Мадрид”-ын хувьд энэ тойрогт “Леванте”-тэй 2:2-оор тэнцсэн. Тэгвэл “Реал Мадрид”-ын хувьд өнгөрсөн шөнө талбайдаа “Бетис” клубт 0:2-оор хожигдож, улирлыг ердөө л 68 оноотой дуусгалаа.  Эзэн хааны баг энэ улиралд зөвхөн Ла лигт 12 хожигдож, ердөө 21 тоглолтод л хожсон юм. Тэргүүлэгч “Барселона”-гаас 19 оноо хоцорсон нь ч бас сүүлийн жилүүдэд байгаагүй муу үзүүлэлт болж байна.

Дөрөвдүгээр байрын төлөөх өрсөлдөөн сүүлчийн тойрогт өрнөлөө. “Хетафе” клуб хожиход л дөрөвдүгээр байрт шалгарч, ирэх улиралд Аваргуудын лигт оролцох боломжтой болох байлаа. Гэвч тэд даалгавраа биелүүлж чадалгүй, талбайдаа “Вильярреал”-тай 2:2-оор тэнцэв. Харин нөгөө талд “Валенсия” клуб “Вальдолид”-ыг талбайд нь 0:2-оор хожиж, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Доод лиг рүү “Жирона”, “Уэска”, “Райо Вальекано” гэсэн гурван баг унаж, “Хетафе”, “Севилья” клубүүд Европа лигийн эрх авлаа.